Америкийн Конгрессын хоёр гишүүн коронавирусын халдвар авчээ
АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр тус улсад коронавирусын 9345 тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-д коронавирусын халдварын улмаас 150 хүн нас барсан бол 106 хүн эдгэрчээ.
Америкийн Конгрессын хоёр гишүүн коронавирусын халдвар авсан талаар өнөөдөр /2020.03.19/ мэдээлсэн юм. Дэлхийн улс орнуудын улстөрчид болон урлаг соёл, спортын алдартнууд “Ковид-19”-өөр халдварласан тохиолдол олноор бүртгэгдэж байгаа билээ. Иранд л гэхэд хэд хэдэн улстөрч коронавирусын халдвараар нас барсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусын хадварын дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарласан билээ. Тэрбээр халдварын тархалттай тэмцэхэд муж улсуудад туслах санхүүжилтийг ашиглах боломжтой гэж үзжээ. Мөн онц байдал зарласнаар коронавирусын эсрэг тэмцэхэд 50 хүртэлх тэрбум ам.доллар хуваарилхад тус дэм болно гэсэн байна. Доналд Трамп мөн Европын холбооны орнуудаас ирэх хүмүүсийг 30 хоногийн турш хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан юм.