Коронавирусын тархалтын үеэр хууль бус цагаачдыг мөрдөхгүй
АНУ-ын Цагаачлалын алба улс оронд нь байгаа хууль бус цагаачдыг албадан гаргах зорилгоор олж илрүүлэх, хорих ажиллагаагаа түр хугацаагаар зогсоож байна. Коронавирусын дэгдэлтийн үед хууль бус цагаачид цагдаад баригдахвий хэмээн болгоомжилсноос үүдэн эрүүл мэндийн тусламж авахаас татгалзаж болзошгүй гэдэгт эрх баригчид санаа зовниж байгаа аж.
Одоогоор хүний амь насыг аврах, нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг эн тэргүүний зорилт болгож байгаа учир хууль зөрчсөн хүмүүсийг баривчлан саатуулах ажиллагааг хойшлуулсан тухай мэдэгдлийг АНУ-ын Дотоод хэргийн яамны дэргэдэх Цагаачлал, гаалийн албаны төлөөлөгчид Конгрессын гишүүдэд илгээжээ.
"Цагаачлалын албаныханд баригдахвий гэсэн айдсаас болж хууль бус цагаачид эмнэлгийн тусламж авахаас татгалзсан нөхцөл байдал үүсэж болохгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Маш ноцтой тохиолдолд тодруулбал, онц аюултай гэмт хэрэгтнүүдийг улс орноос албадан гаргах тухай асуудал яригдаж байгаа тохиолдолд баривчилгааг явуулна гэдгийг цагаачлалын албаны төлөөлөгчид цохон тэмдэглэжээ.
АНУ-д коронавирусээр халдварласан 9371 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас тус улсад 153 хүн нас баржээ