ШӨХТГ: Гурилын үйлдвэрүүдэд нөөц хангалттай, хомсдол үүсээгүй байна
ШӨХТГ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын талаар гаргасан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Алтан тариа", "Улаанбаатар" зэрэг гурилын үйлдвэрт бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлт, борлуулалт, үнэ ямар байгааг өнөөдөр хянаж ажиллав.
Хяналт шалгалтад хамрагдсан гурилын үйдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн явагдаж, үнэ нэмэгдээгүй, нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй байна. Үйлдвэрлэгчид цаашид ч бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, хомсдохгүй, ОХУ-аас улаан буудай татаж авч байгааг мэдээллээ.
Гурилын үйлдвэрүүд гурилыг бүхэл үрийн, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний гэсэн нэр төрлөөр үйлдвэрлэж байна. “Алтан тариа” ХХК-ийн өргөн хэрэглээнд худалдаж буй 10 ш савалгаатай дээд гурил кг нь 1230 төгрөг, 5 кг савалгаатай нь мөн нэг кг нь 1220 төгрөг, харин 10 ш савалгаатай I гурил кг нь 1020 төгрөг, 5 кг савалгаатай нь кг тутамд 1010 төгрөгийн үнэтэй байгааг мэдээллээ.
“Улаанбаатар гурил” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг таслахгүй, үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар мэдэгдэж, төрийн бодлогыг дэмжин ажиллаж байна. Тус компанийн өргөн хэрэглээнд борлуулж буй дээд гурил 10 ш савалгаатай нь кг тутамд 1340 төгрөг, 5 кг савалгаатай нь кг тутамд 1330 төгрөг, I гурил мөн 10 ш савалгаатай нь кг тутамд 990 төгрөг, 5 кг савалгаатай нь кг тутамд 1060 төгрөгийн үнэтэй байна.