ДЭМБ: Италид хоногт 500 орчим хүн коронавирусээр нас барж байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр буюу 2020.03.20-ны өдрийн 11:00 цагт коронавирусын тархалтын талаарх цаг үеийн шинэчлэгдсэн мэдээллийг өгч байна.
ДЭМБ-ын ажилтны өгч буй мэдээллээр сүүлийн 24 цагийн байдлаар Испани, Итали, Франц, Швейцар зэрэг улс орнуудад шинээр бүртгэгдсэн халдварын тоо мянга мянгаар тоологдож байна. Итали улсад сүүлийн 24 цагийн байдлаар 427 хүн нас баржээ. Ингэснээр коронавируснээс шалтгаалсан нас баралтаар БНХАУ-аас давлаа. Итали улсад шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол 4 мянга давсан байна. Тус улсын Ломбарди муж зэрэг халдварын тархалт өндөр байгаа хэсгүүдэд цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа учраас бусад газруудаасаа тусламж хүсэж байгаа гэсэн мэдээлэл байна.
Африкийн улсуудад коронавирусын халдварын тархалт улам нэмэгдэж байна. Арав хоногийн өмнө Африкийн таван улсад халдвар бүртгэгдсэн байсан бол өнөөдрийн байдлаар тус тивийн 34 улсад халдвар бүртгэгджээ. Цаашлаад тус тивд цар тахал газар авч, 1.3 тэрбум хүнийг эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд буйг ДЭМБ-ын Африк тивийн асуудлыг хариуцсан албан тушаалтан байр сууриа илэрхийлжээ.
Израиль, Аргентин зэрэг улсууд хөл хорио тогтоож байна. Израиль улсад иргэдийг гэрээсээ гарахыг хориглож буй бөгөөд энэ бол хүсэлт, зөвлөмж биш үүрэг гэж Ерөнхий сайд нь мэдэгджээ.
АНУ-д халдварын тоо 5000-р нэмэгдсэн ба Калифорни мужид иргэдийг гэрээсээ гарахыг хоригложээ.