"COVID-19": Оросын тусламжийн онгоцнууд Италид газардлаа
ОХУ-ын цэргийн эмч нар болон техник хэрэгслийг тээвэрлэсэн дөрвөн онгоц Италийн Практика-ди-Маре агаарын баазад газарджээ. Оросын Батлан хамгаалах яамнаас Италид коронавирусний халдварын эсрэг тэмцэхэд тусламж илгээх болсноо өчигдөр /2020.03.22/ мэдэгдсэн юм. “Ил-76” онгоцнуудыг Италийн тал талархалтайгаар хүлээж авсан байна.
Италийн удирдлагууд ОХУ тус улсад “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд тусалж байгаад талархсанаа илэрхийлсээр байгаа аж. Тус улсын Гадаад хэргийн сайд Луижи Ди Май Оросын Батлан хамгаалах яамны онгоцнууд Практика-ди-Маре баазад газардахад өөрийн биеэр очиж тосжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгч Владимир Путин Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетой ярилцсаны дараа тус улс руу цэргийн вирус судлаач нар болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламж илгээх багийг томилсон юм.