Газраа чөлөөлсөн 40 айл шинэ сууцанд орлоо

 Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 154 айлын орон сууцны нээлт өчигдөр боллоо. Энэ үеэр газраа чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү шинэ байрны түлхүүрийг гардууллаа.Тэрбээр, “Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж, зам гүүрийн ажлууд, гэр хорооллыг дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган шинээр орон сууц барих зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Нийслэлийн 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явж байна. Төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусвал 89.980 гаруй айл өрх орон сууцанд орно” гэдгийг онцлов.

 

Монгол Улсын Хөгжлийн банк нийслэл хоттой хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барих барилга, орон сууцуудыг санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хөгжлийн банк 200 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт гаргахаар болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү мэдэгдлээ. Түүний мэдээлснээр, 2018 онд тус төслийн хүрээнд 2030 айлын орон сууц ашиглалтад оруулжээ.

Сүхбаатар дүүрэгт барьсан 154 айлын орон сууцны гүйцэтгэгч “Монтед констракшин” ХХК-ий гүйцэтгэх захирал н.Энхболд хэлэхдээ, “Манай компани 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын орон сууцны бичил хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 420 айлын 12-15 давхар орон сууцуудыг ашиглалтад оруулсан. Мөн хашааны газраа бүрэн чөлөөлсөн 40 гаруй айлыг тохилог орон сууцаар хангаад байна. 2019 онд 140 айлын хоёр блок бүхий 15 давхар барилгын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ” гэв.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.201.93)