Төсөвлөсөн хөрөнгө ногоон байгууламжийн 30 хувьд ч хүрдэггүй
Нийслэлээс Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулахаа мэдэгдэв.Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын орлогч, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзах үеэр танилцуулав.
Ойн бичил төгөл байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан хийсэн уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн Тохижилт хог хаягдлын удирдлага болон инженерийн байгууламжийн хэлтэс, дүүргийн Засаг дарга нарт хандан СӨХ-ны төлөөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохиож, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийсэн тохижилт, ногоон байгууламжийг иргэдийн оролцоотойгоор арчилж хамгаалах санал боловсруулах үүрэг өгөв.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж нь 98 мянган га газар бөгөөд, цэцэрлэгжсэн талбай нь 220 га газрыг хамардаг байна. Нийтийн бус эзэмшлээр тооцвол, Туул, Сэлбэ голыг дагасан бүсийг оролцуулаад, 35 мянган га газрын 5 мянгыг нь ногоон байгууламж эзэлдэг байна.
Улаанбаатар хотын нэг хүнд ногдож байгаа ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбайн хэмжээ өнөөдөр 2.4 ам.дөрвөлжин газар байгаа. Үүнийг зохих түвшин болох 5 метр кв-д хүргэхэд жил бүр төсөвлөж буй 7-8 тэрбум төгрөг хүрдэггүйг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат өмнө нь хэлж байсан юм.
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан “Хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-гөөр өнөөдөр нийтийн эзэмшиж буй талбайн 27 хувийг арчилж байна. Ногоон байгууламжийг жилд ойролцоогоор, 30-45 га-гаар нэмэгдүүлэхэд 20-30 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо гарчээ.