Агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг 6000 амны хаалт тараав
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Сайн Учрал сан”, Олон улсын боловсролын “Эрдэм” академи хамтран Сонгинохайрхан дүүргийн жирэмсэн, нярай хүүхэдтэй эхчүүд болон бага насны хүүхдүүдийн дунд утааны эсрэг өдөрлөг зохиолоо.
“Сайн Учрал саруул Ирээдүй” хэмээх өдөрлөгийн үеэр, 29 ам.долларын үнэ бүхий, 3M 9210 N95 маркын нийт 6000 ширхэг амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж, уушиг цэвэрлэх уламжлалт цай, дархлаа сэргээх цай бэлдмэлээр дайлсан юм. Уг амны хаалт нь уурхайн гүнд болон хүнд үйлдвэрүүдэд ашигладаг агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг аж.
Агаарын бохирдолтой тэмцэх аргыг дор бүрнээ эрэлхийлж байгаа ч, утаагүй болох хүртэл хордон суусаар байх уу гэдэг асуудал хөндөгддөг. Тиймээс өнөөдрөөс өөрсдийгөө хамгаалах ёстой гэдгийг уриалж, энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаа тэд хэллээ. Цаашдаа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд ийм төрлийн үйл ажиллагааг зохион байгуулаасай гэж хүсч буйгаа уламжилж байв.