Стандарт хангаагүй мотоцикл аюул тээсээр...
Урин дулааны улирал ирж мотоциклийн хэрэглээ ихэсэн, үүнтэй холбоотой зам тээврийн осол, зөрчил бүртгэгдэж эхэлээ. Өнгөрсөн 7 хоногт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт шороон замд улсын дугааргүй мотоцикл унаж явсан 39 настай иргэн амиа алдаад байна.
Мөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын IV багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй "Dayun" маркийн мотоцикл онхолдож, уг мотоциклийг барьж явсан 37 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн Жинст сумын III багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй "Mustang-5" маркийн мотоцикл онхолдож, 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон ослууд гараад байна.
Сүүлийн 5 жилд мотоциклийн хэрэглээтэй холбоотой 1171 осол гарч, ослын улмаас нийт 630 орчим хүн амь насаа алдаж, жилд дунждаар 116 хүний амийг авч байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 46.900 орчим мотоцикль байгаагийн 90 орчим хувь нь орон нутагт байна. Эдгээр нь голцуу БНХАУ-аас хувиараа, албан бусаар оруулж ирж буй стандартын бус мотоциклиуд байгааг ТЦА мэдээлж байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо нь.
Хятад мотоциклиудыг хяная
Стандартын бус гэж ямар мотоциклийг хэлээд байна вэ. Үүнд БНХАУ-д үйлдвэрлэсэн, манай улсад ихэвчлэн оруулж ирж буй мотоциклүүд орж байна. Ийм мотоцикл нь техникийн чанарын стандарт хангаагүй, үйлдвэрлэж буй орны тухайн бүс нутагт баримталж буй техникийн байдал, үйлдвэрлэлээр угсарсан байдаг аж.
Нэгд, ийм мотоцикл манай улсад зөвшөөрөгдөөгүй байдаг. Тодруулбал, ийм мотоциклын дугуйн обудыг голцуу хайлшаар хийсэн байдаг. Ийм мотоциклыг засмал, тууш замд унахаас биш манайхан шиг дов сондуул ихтэй шороон замд хайлш нь цохигдсоор бутардаг аюултай аж. Мөн мотоциклийн хүндийн жин доороо байрладаг атал Хятад мотоциклд байдаггүй байна.
Манай улсад мотоцикл худалдаалдаг албан ёсны зөвшөөрөлтэй 2-3-хан ААН байна. Тэдгээр газрын оруулж ирж буй мотоцикл үйлдвэрлэл болон хэрэглээний стандартын шаардлага хангасан байдаг бол нийслэл болон аймаг, орон нутагт хувиараа борлуулж буй стандартын бус, зөвшөөрөгдөөгүй мотоциклийг хүмүүс мөн л хувиараа олноор нь оруулж ирж байна. Гаалийн мэдээллээр манай улсад жилд дунжаар 40-50 тэрбум төгрөгийн 35-40 мянган мотоцикл орж ирж байна. Үүний 80 хувь нь БНХАУ-аас оруулж ирсэн, хятад үйлдвэрийн мотоцикл байна. Үлдсэн хувийг Япон, Энэтхэг, АНУ, БНСУ-ын мотоцикл эзэлж байна.
Нэг ёсондоо энд гаалийн бүрдүүлэлт хийж, татвар авахаас өөр улсаас тавьж буй техникийн хараа хяналт байдаггүй. Хувь хүн худалдаачдаас мотоцикл худалдан авахад гаалийн бичиггүй, зөвхөн танилцуулга үзүүлэхээс хэтэрдэггүй.
Түүнээс гадна мотоциклээс үүдэлтэй зам, тээврийн ослын голлох шалтгаанд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, иргэд мотоцикл барих жолооны эрхийн бичиггүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоодож буй зөрчлүүд ихэвчлэн ордогийг цагдаа болон автотээврийн байгууллагаас мэдээлж байна. Замын хөдөлгөөний дүрмээр мотоциклийн дээд хурд 60 км байдаг бол манайд дээрх хурдыг хэтрүүлж буй нь осол аваарь гаргах бас нэг үндэс болдог байна.
Аюул дагуулсан тоо мэдээг дахин дурдвал 2018 онд мотоциклын зам тээврийн 552 осол бүртгэгдсэнээс 265 хүн гэмтэл, бэртэл авч, 116 хүний амь эрсэджээ. Энэ нь зөвхөн ТЦА-нд бүртгэгдсэн осол зөрчил. Бодит амьдрал дээр энэ тоо хол зөрүүтэй. Учир нь малчид амь насанд тулах бэртэл, гэмтэл аваагүй л бол осол чинээ бодолгүй өнгөрдөг.
Стандарт хангасан мотоциклыг импортолъё
Мотоцикл нь шатахуун бага зарцуулдаг, хол газрыг богино хугацаанд туулдаг, унахад хөнгөн, үнэ хямд, сэлбэг нь элбэг байдаг гэсэн "шалтгаан"-аар хөдөөгийнхөн сонгож, малчдын ахуй амьдралд эрэлттэй байдаг ч түүний цаана амь насаа даатгах аюулыг тээсээр...Үүнийг манайд хаана хаанаа бодолцон стандартын, баталгаатай, чанартай техник хэрэглэх, ийм мотоциклийг хилээр нэвтрүүлж, стандартын бусыг нь хянан хориглох цаг хэдийнэ болсныг жил бүр гардаг осол аваарь сануулсаар байна. Тиймээс манай улсад иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд:
- Импортлох мотоциклийн квот буюу тоо хэмжээг тогтоох,
- БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг, АНУ, Герман, БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай мотоцикл оруулж ирэх,
- Оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай болгон үүнийг хил, гаалиас аваад мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байх.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хөдөөгийн замд мотоциклийн хурдын дээд хэмжээг тогтоож, аюулгүй ажиллагаа болон хэрэглээнд зориулсан стандартыг баталж мөрдүүлэх хэрэгтэй байгааг мэргэжлийн байгууллага зөвлөж байна.