Нийслэлчүүдийн нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоолоо
Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажил сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буй. Үүний хүчинд гэр бүлээрээ амарч зугаалах, амралт чөлөөт цагаа өнгөрөөх тав тухтай орчин бага ч болов бүрдээд байгаа юм.
Дэлхийн томоохон хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 15 - 18 метр кв байдаг. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 6 метр кв байна. /2017 оны судалгаа/.
Тиймээс нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолоо.
Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналуудыг үндэслэн нийт 38 байршлын 130.0 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоох саналыг Тэргүүлэгчид дэмжив.
Эдгээр 38 байршлын тухайд, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрхан дүүрэгт зураа, Сүхбаатар дүүрэгт гурав, Хан-Уул дүүрэгт ес, Чингэлтэй дүүрэгт найм тус тус байна.
Түүнчлэн дээрх байршлуудаас онцлоход Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр байгуулсан Дарь-Эх цогцолбор, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны гэр хороололд байгуулсан тохижилт бүхий жишиг гудамж, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулсан Булагтай, Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг шинээр барьж байгуулсан бүтээн байгуулалт хийгдсэн газрууд байгаа юм.