УБТЗ жилд 40-50 сая тонн ачаа тээвэрлэх боломж бий

1949 онд Монгол Улсад төмөр замын салбар үүсэх үед уурын галт тэрэгний хурд цагт 25-40 км байжээ. Одоогийн зүтгүүрүүд суудлын галт тэргийг цагт 100 км, ачааны галт тэргийг 90 км цагийн хурдтай чирэх боломжтой. Гэвч замын эвдрэл, гэмтлийн улмаас цагт 80 км зам туулах ачааны галт тэрэгний хурдын нормыг  70 км болгон багасгасан нь төмөр замын салбар дахь томоохон ухралт юм.

УБТЗ ХНН модон дэртэй, дунд даацын 1115 км гол төмөр замынхаа 70 хувийг бетон дэртэй, хүнд даацын ачааны болон хурдны галт тэрэг зорчих боломжтой болгон шинэчилжээ. Замыг шинэчлэх ажил 1995 онд эхэлсэн ч санхүүгийн хүндрэлээс үүдэн бүрэн дуусгаж чадаагүй байна.

Төмөр замд засвар хийх хугацаа, зорчсон галт тэрэгний тоо, дэр мод, төмрийн чанар зэрэг 12 үзүүлэлтээр хэмжсэн Дэд бүтцийн техникийн бэлэн байдлын эрсдэлийн үнэлгээгээр 350 км зам нь “өндөр эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан тул зорчих хөдөлгөөний хурдыг бууруулахаас өөр аргагүйд хүрчээ. Замын төмөр, бетон дэрний бэхэлгээ, арматурыг импортоор авдаг манай улсын төмөр замын салбарт дэлхийн зах зээл дэх металлын үнийн өсөлт ихээхэн хүндрэл учруулдаг байна. 35 жилийн өмнө тавьсан нэг км төмөр замыг хуулж, бетон дэр, зам зэргийг шинээр тавихад 560-670 сая төгрөг зарцуулдаг байсан бол ноднин өртөг нь 770 сая болж өссөн байна.

Төмөр замыг засварлаж, галт тэргийг тогтоосон хурдаар аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх үүргийг УБТЗ-ын Замын аж ахуйн алба хүлээдэг. Есөн аж ахуйн нэгж, таван замын анги, дөрвөн үйлдвэртэй, нийт 3300 ажилтантай тус алба жилд 100 км зам шинэчлэх бүрэн боломжтой. Гэвч санхүүгийн хүндрэлээс үүдэн жилд 35-50 км замыг шинэчилдэг байна. Өнгөрсөн жил 35 км замыг 20 тэрбум гаруй төгрөгөөр шинэчилжээ. Хэрэв санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд гол замын шинэчлээгүй 30 хувь буюу 350 км замыг 3-4 жилд шинэчлэх боломжтой юм.

Тус нийгэмлэгийн Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргалаас галт тэрэгний хурдыг бууруулсан нь ачаа тээвэрлэлтэд хэрхэн нөлөөлж буй талаар тодрууллаа.

 

-Галт тэрэгний хурдыг бууруулах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хөдөлгөөний хурдыг бууруулах нь төмөр замын хувьд том ухралт. Бид зорчигч болон ачаа тээврийн хурдаа тодорхойлж, жилийн ажлаа төлөвлөдөг. Хурдыг бууруулснаар галт тэрэг зорчих давтамж буурна гэсэн үг. Бид Замын-Үүдийн боомтод өдөрт 14 транзит тээврийн галт тэрэг хүлээлгэн өгдөг. Үүнийг 18 болгохоор төлөвлөж байгаа ч хурдыг бууруулах нь төлөвлөгөөгөө биелүүлэхэд саад болно. Үүнийг нэн даруй шийдэж байж өсөн нэмэгдэж буй тээврийг цаг тухайд нь гүйцэтгэж, түүнийхээ ашгаар салбараа хөгжүүлнэ. УБТЗ одоо 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Цаашдаа 40-50 сая болгох боломж бий.

-350 км төмөр замыг шинэчлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ?

-250-300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Гол замаас гадна 1949 онд байгуулсан гүүр, ус зайлуулах хоолой, далан шуудууг засварлах, шинээр байгуулах шаардлага бий. Манайх жилд 4-5 ус зайлуулах хоолой тавьж байна.

-Жилд 100 км төмөр зам засварлах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хангалттай бий юу?

-Албаны зам засварын паркт 1985 онд ОХУ-аас авсан 26 машин механизм 345 вагон, моторт вагон бий. Манайд төмөр бетон дэр, чулуу бутлах үйлдвэр бий. Эдгээр үйлдвэр болон паркийн техник хэрэгслийг шинэчлэх шаардлагатай. Зам засварыг чанартай хийхийн тулд тоног төхөөрөмжийг шинэчлэх нь зайлшгүй шаардлагатай юм. УБТЗ-ын Хөгжил шинэчлэлийн хөтөлбөр-2030 хөтөлбөрийг 2015 онд  боловсруулж, Засгийн газар, харьяа яамадаа хүргүүлсэн.  Тус хөтөлбөрийг ОХУ-ын тал ч дэмжиж, өөрийн орны Төмөр замын тээврийн эдийн засгийн институт, Москвагийн төмөр замын зураг төлөвлөлтийн институтэд хүргүүлэн улам боловсронгйй болгосон. Гурван үе шаттай хэрэгжих хөтөлбөрийн эхний шат хэрэгжиж, зүтгүүрээ шинэчилж, хөдөлгөөн зохицуулах системээ шинэчилж байна. Хөтөлбөрт 2020 онд 80 км, 2021 онд 80 км төмөр замыг шинэчлэхээр тусгасан ч санхүүжилт хүлээлтийн байдалтай байна.

-Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-УИХ, Засгийн газар УБТЗ-ыг  санхүүгийн дарамтаас гаргахаар ажиллаж байгаа. Цаашид урт хугацааны хөгжлийн зээл авах асуудлыг шийдвэрлэх, тээврийн тарифыг чөлөөлж, санхүүгийн эх үүсвэр бий болгох боломжийг бүрдүүлэх нь чухал. Зам засварын паркийн 50 хувийг шинэчлэхэд л 50 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.202)