Олон улсын ачаа тээврийн жолооч нарыг 24 цагийн дотор буцааж байна
Манай улсын хойд хилээр өнгөрсөн 18 хоногт нийтдээ 3500 тонн хүнсний бүтээгдэхүүн Европын орнуудаас ОХУ-аар дамжин орж ирээд байна. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй олон улсын ачаа тээвэрт мэргэжлийн хяналтын байгууллага 24 цаг хяналт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн 3 дугаар сарын 19-нөөс хойш олон улсын ачаа тээврийн 263 автомашин хилээр орж иржээ. Хоногт олон улсын ачаа тээврийн 20-25 автомашин нэвтэрч гаалийн баталгаат агуулахад ирж, гүний хяналтад шилжиж байна. Нийслэлд гаалийн 14 баталгаат агуулах байдгаас үүний 3-д нь олон улсын ачаа тээврийг хүлээн авч, ачааг буулган 24 цагийн дотор буцааж байна гэж НМХГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс мэдээллээ.
Манай улсын хойд хилээр хоногт олон улсын ачаа тээврийн 20-25 автомашин нэвтэрч гаалийн баталгаат агуулахад ирж, гүний хяналтад шилжүүлж, гадаадын жолооч нарыг 24 цагийн дотор буцааж байна.
Олон улсын тээвэрт явж буй гадаадын 189, дотоодын 82 жолоочоос хаагуур, ямар улс орноор дамжин явж буй байдлын талаарх судалгааг Алтанбулагийн боомтод, эрүүл мэндийн асуулгыг нэвтэрсэн хойно тогтмол авч, цахимаар хянан, биеийн халууныг үзэн автомашиныг хилээр нэвтрэхэд ариутган халдваргүйжүүлж байна. Монгол жолооч нарыг зочид буудалд ээлжээр тусгаарлан үзлэгт хамруулж буй аж. Одоогоор сэжигтэй тохиолдол гараагүй, гарсан нөхцөлд ХӨСҮТ-д шилжүүлж ажиллана гэж мэдэгдэж байна.
Олон улсын ачаа тээвэрт явж буй гадаадын жолооч нар бүхээг дотроо архидан согтуурах, мэргэжлийн байгууллагын ажилтнуудын тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй байх зөрчил гарсаар байгаа аж. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас ирж ирсэн 266 кг алимны дээжинд улаан хачигны өндөг 6 ширхэг илэрснийг ариутгал халдваргүйжүүлэлт хийн устгуулж, давтан шинжилгээнд оруулжээ. Бусад нөхцөлд хяналт шалгалтын явцад импортоор орж буй ААН, иргэдийн бараа, бүтээгдэхүүнээс дээж аван лабораторийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илрээгүй байна.