2020 онд Монголд аялах байсан жуулчдын 70 хувь нь захиалгаа цуцалжээ

2020 онд Монгол Улсад аялахаар төлөвлөж, захиалга өгөөд байсан жуулчдын 70 хувь нь ирэхээ больсон гэх судалгааны дүн гарсныг Монголын аялал, жуулчлалын холбооноос мэдээллээ.  “COVID-19”-ийн тархалт дэлхий нийтийн болон Монголын аялал, жуулчлалын салбарт болон бизнес эрхлэгчдэд ийнхүү эрсдэл учруулж эхэлсэн байна. Хамгийн сүүлд тооцсоноор манай улсын аялал, жуулчлалын салбар 2018 онд 577 мянга гаруй жуулчин хүлээн авч 569 сая ам.долларын ашигтай ажиллаж байжээ.

Энэ үзүүлэлт нь 2020 онд 24 хувиар өсөх хүлээлттэй байсныг Монголын аялал, жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр онцолсон юм. Гэсэн ч хорио цээрээс хойш жуулчид аяллын оператор компаниудад хандан аяллаа эрчимтэй цуцалж эхэлснээр энэ онд ямар ч орлогогүй өнжиж мэдэхээр байгаа ажээ.

Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл дотоодод 50-60 мянган ажлын байр бий болгодог тус салбарт компаниуд ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүйд хүрэх аж.  Монгол Улсад ирж буй жуулчдын 31 хувь нь БНХАУ, 26 хувь нь ОХУ, 16 хувь нь БНХАУ, дөрвөн хувь нь Японы иргэд бол үлдсэн нь Европ болон АНУ-аас ирдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)