Нийслэлд 246 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан

Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар хувийн хэвшлийн мэдэлд шилжсэн зарим газрыг нийтийн  эзэмшилд буцаан авсан шийдвэрийн талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: ”Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд зөрчилтэй эзэмшил газруудын судалгааг гаргаж, цэгцлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод хууль бусаар олгогдсон болон анх төлөвлөсөн зориулалтыг өөрчлөж хууль бусаар ашиглаж зөрчил гаргасан 246 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан байна. Энэ цуцлагдсан газрын хэмжээ нь 150 орчим га газар байна. Газрыг нийслэлийн нийтийн эзэмшлийн эдэлбэр газар болгосон бөгөөд энэ ажил цаашдаа ч үргэлжлэх юм байна. Дээр дурдагдсан цуцлагдсан газраас 32 газрын асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээр хэлэлцэгдэж байна. Мөн зориулалтын бусаар газар эзэмшиж буй 38 байршилд 120 орчим иргэн, ААНБ-ын газрыг цуцлах асуудал хөндөгдөн, судалж байна.

Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын дүүрэг, хороодод 1630 хэсгийн ахлагч цагдаагийн ажилтан байдаг. Тэдэнд ЦЕГ-аас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн давтан сургалт явуулж, шалгалт авч Олон нийтийн цагдаагийн эрх олгох юм. Эрх авсан хэсгийн ахлагч нар Зөрчлийн хуулийн дагуу иргэд гудамж талбайд нус цэрээ хаях, бие засах, хог хаях, ил задгай хог, өвс шатаах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд тухайн этгээдэд шууд торгуулийн арга хэмжээ оногдуулах эрхтэй болох юм. Уг хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжинэ" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.193)