Улаанбаатар банкны эзэмшил газруудыг цуцалж нийтийн эдэлбэр газар болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы 2019 оны Захирамжаар, Улаанбаатар банкны охин компани буюу Улаанбаатар констракшн, Улаанбаатар капитал компаниудын мэдэлд хууль бусаар шилжсэн газруудыг нийтийн эдэлбэр газар болгох ажлыг хийж байна.
Тодруулбал, Улаанбаатар констракшн компанийн мэдэлд байсан Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоол, “Хонхот цэцэрлэг”-ийн газрыг 2020 оны А 344 тоот Захирамжаар хүчингүй болгосон. Улмаар нийслэлийн эзэмшлийн эдэлбэр газар болгож, НИТХ-аар хэлэлцэн нийслэлийн иргэд амарч, зугаалах орчин бүхий цэцэрлэгт талбай байгуулж тохижуулахаар шийджээ.
Харин уг ажлыг эхлүүлэхэд бэрхшээл тулгарсан нь 2006 оноос эзэмших эрхийг авсан тухайн компанийн талаас хийсэн ташаа мэдээлэл иргэдийг төөрөгдүүлсэн байхыг НЗДТГ-аас үгүйсгэхгүй байна. Улаанбаатар банкны мэдэлд 2005 оноос шилжсэн Улаанбаатар зочид буудал, МАН-ын байрны өмнөх цэцэрлэгт талбайн газрыг НЗД-ын 2019 оны А572 тоот, МУИС-ийн II байрны өмнөх газрыг 2019 оны А571 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгож, улмаар нийтийн эзэмшил газар болгосон.
Мөн Улаанбаатар капитал ББСБ компанийн мэдэлд байсан Гутлын 22 гэгддэг “Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн газар, Ю.Цэдэнбалын хөшөө байдаг цэцэрлэгт талбай болон Хөрөнгийн биржийн өмнөх буюу Төв шуудангийн зүүн хойд талын газрыг тус тус НЗД-ын Захирамжаар нийтийн эзэмшлийн газар болгоод байгаа бөгөөд дахин уг газруудыг хувийн эзэмшилд өгөхгүй байх эрх зүйг нь баталгаажуулсан байна.