Нийслэлийн 1700 гаруй хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байгаа. 

Тэрбээр өнөөдөр мэдээллийнхээ эхэнд, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусний тархалтын мэдээллийг хүргэж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр сайтар авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Мөн нийслэлийн хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар дурдлаа.

 

Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6790 албан хаагч эргүүлээр ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл түгээн амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж байгаа юм. Түүнчлэн халдварт өвчний үед иргэдийн хөдөлгөөнийг хянаж, халдвар тархсан үед байршил тогтоож илрүүлэх зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн үзлэг шалгалтыг хийж, нийслэл рүү орж гарах хөдөлгөөнийг хянаж байгаа бөгөөд нийт 118 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өчигдөр өглөөний 8 цагаас өнөөдөр хүртэл 85 418 иргэн Улаанбаатар хотод орж гарсан бол нийт 24 966 автомашин зорчжээ. Тэрбээр "Урин дулаан цаг ирж иргэд агаар салхинд гарахдаа нэг дор цугларч, эрсдэл гаргах нөхцөл байдал үүсгэж байна. Иргэд дотоодод халдвар тархаагүй болохоор бүх зүйлийг чөлөөтэй байлгах саналыг ирүүлж байгаа. Нийслэл хотын хувьд аль болох иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, гадагшаа дотогшоо гарч салхилах боломж нөхцөлийг бүрдүүлэх, ажил амьдралыг нь цаашид хэвийн үргэлжлүүлэх, аль болох хориг саад тавихгүй байх чиглэлийг баримталж байна.

 

Өнгөрсөн хоёр сар хагасын хугацаанд маш сайн зохион байгуулалттай, тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсний үр дүнд өнөөдөр бусад оронтой харьцуулахад дотооддоо халдвар тархаагүй байна.  Энэ нь тархахгүй, гарахгүй гэсэн баталгаа биш. Одоо нян, бактер ид үрждэг цаг үе. Дотоодод халдвар гараагүй байсан ч биднээс үл шалтгаалах зүйлүүдээр дамжиж энэ оны 4, 5 дугаар саруудад халдвар гарах эрсдэл өндөр байна. Тиймээс ирэх хоёр сард илүү их анхаарал сэрэмжтэй, иргэн бүр өөрийнхөө үүрэг хариуцлагыг биелүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Гадаа гарч салхилахад нээлттэй. Гэхдээ амны хаалт зүүж, гараа угааж, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх хэрэгтэй. Таны эрхийг хязгаарлаж байгаа мэт боловч бусдын эрхээр улс орны эрх ашгаар таны эрүүл мэнд хамгаалагдаж байгаа гэдгийг манай иргэд сайтар ойлгож, илүү хариуцлагатай, бие биедээ хатуу шаардлага тавьж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Дахиад 2, 3 сар энэ байдлаараа хариуцлагатай байж чадвал эргээд хэвийн амьдралдаа эргэн орно" гэлээ.

 

Хороо дүүргийн хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ

 

Хотын захирагч мөн ой хээрийн түймрээс сэрэмжлүүлээд, ирэх сарын 15-ны өдрийг хүртэл төвийн зургаан дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа талаар дуулгав. Мөн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхэлж ажиллах аж. Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг байна. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй аж. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм.

 

Нийслэлийн хэмжээнд улирал бүр ариутгал хийнэ

 

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд, нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар, 951 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд цаашид  улирал бүр ариутгал хийж байхаар тогтжээ. Мөн гэр хорооллын 220 мянган айл өрхийн модон жорлонг ирэх 5 дугаар сарын 1-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлж дуусгах юм байна.

Түүнчлэн иргэд, аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа ариутгал хийх хэрэгтэйг Хотын захирагч С.Амарсайхан уриаллаа.

Мөн тус мэдээллийн үеэр, Яармагт баригдаж буй 300 ортой 880 өрөөтэй нийслэлийн Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвийн барилгын ажил 95 хувьтай байгааг дуулгаад тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг мэдэгдэв.

Ийнхүү нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа. Автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах, хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай асуултад “Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирүүлсэн санал чиглэлийг үндэслэж автомашины дугаарын хязгаарлалтыг судалж байна. Хотын удирдлагууд олон хүмүүсийг цуглуулахгүй байх шийдвэрийн хүрээнд нэг дор олноор нийтийн тээврээр зорчуулах, дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах асуудлын эсрэг байгаа. Онцгой нөхцөл шаардлага гарсан тохиолдолд дугаарын хязгаарлалт хийх, орон нутгийн замыг хаах зэрэг шийдвэр гарч болно” гэж хариуллаа.

"Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү долоо хоног бүр цахимаар мэдээлэл хүргэхээр болж байгаа  юм. Мэдээллийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах бөгөөд тухайн цагт сэтгүүлчид болон иргэд хотын Захирагчтай шууд холбогдож сонирхсон асуултандаа хариулт авч болно” хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.82.252)