Москвад нэг өдрийн дотор 150 хүн эдгэрчээ
ОХУ-ын нийслэл Москва хот нэг өдрийн дотор 150 хүн эмнэлгээс гарснаар тус хотод коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо 837 боллоо гэж хотын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова мэдээлжээ.
“Москвад эдгэрсэн хүний тоо нэмэгдсээр байна. Өдөр бүр 100 гаруй хүн эдгэрч, бидэнд эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Эмнэлгээс гарсны дараа эмчийн хяналтад байх ёстой хүмүүст зохих зөвлөгөөг өгсөн” гэж Анастасия Ракова хэлсэн байна.
Москва хотын дарга дөрөвдүгээр сарын 13-19-ний хооронд дахин хэд хэдэн хориг, хязгаарлалт хийх тухай захирамжид гарын үсэг зуржээ. Тухайлбал, төрийн захиргааны болон эмнэлгийн байгууллагууд, хүнсний үйлдвэрүүд, эмийн компаниуд, хувийн хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэгч батлан хамгаалах салбарын гол үйлдвэрүүд, мөн сансар судлал, цөмийн аж үйлдвэр болон чухал дэд бүтцүүдээс бусад хотын ихэнх байгууллагуудын ажлыг түр хугацаагаар хязгаарлах эсвэл зогсоох юм. Үүнээс гадна, дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хувийн болон тээврийн хэрэгслээр явахдаа дижитал үнэмлэх авах ёстой байна.
Дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний байдлаар ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 18 328 болж, 1470 хүн эдгэрсэн бол 148 хүн нас баржээ. Тус улсад 1.3 сая хүнийг коронавирусний шинжилгээн хамруулсан бөгөөд халдварын сэжигтэй 141 мянган хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. Москва хотод 1 355 хүн халдвар авсан байна.