Бага насны хүүхдүүд хачигт халдвараар өвчилж байна

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хачигт халдвараар өвчилсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, халдвар авч, хачигт хазуулсан бүх тохиолдлыг бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Өвчилсөн 3-9 насны дөрвөн хүүхдийн хоёр нь эмчлэгдэж, эмнэлгээс гарсан бол хоёр нь эмчлүүлж байна.

Аймгийн хэмжээнд 2018-2019 онд нийт 26 хүн хачигт риккетсиозоор өвчилсний 80,8 хувийг 0-13 насны хүүхдүүд эзэлж байжээ. Бага насны хүүхдүүд биедээ орсон хачгийг богино хугацаанд илрүүлэн авч чаддаггүйгээс хачигт халдварт илүүтэй өртдөг байна.

Сургууль цэцэрлэг хааж, хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотой бага насны хүүхдүүд гэртээ байгаагаас малын хачигт хазуулж, хүндрэх эрсдэлүүд илүү байгааг ЗӨСТ-өөс анхааруулж байна.

Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, хүн, мал амьтдын цусыг сорохдоо халдварыг дамжуулдаг. Хачигт халдвараар өвчилсний дараа мартамхай болох, үе мөч саажих зэрэг үлдэц үлдэх аюултай.

Малын хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархаж, 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэг байдаг. Хаврын улиралд салхи ихтэй байдгаас хачиг салхиар зөөвөрлөгдөн хот суурин газрын иргэдийг ч хазаж өвчлүүлэх тохиолдол байдаг байна.

Бэлчээрийн хачиг нь ихэвчлэн хүний толгойн орой, дагзны хэсэгт хазаж, цус сорон шимэгчилдэг. Хачигт риккетсиозоор өвчлөгсөийн 72.1% нь 4-6 дугаар сард уг халдварт өртсөн байна. Халдвар авсан хүн хачигт хазуулснаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газар үрэвсч, тавших, ойролцоох тунгалгийн булчирхай цочиж, эмзэглэх, биеэр гөвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Улмаар зарим эрхтний саажилт, тэнэгрэл зэрэг хүндрэлүүд илэрч, хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг байна.

Эмчилгээ хийгээгүй тохиолдолд үе мөч, зүрх судас, мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учирдаг тул өвчний эрт үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэвэл үр дүн сайн байдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.89.42)