Төмөр замын удирдлагуудын халаасны компани 52 иргэнийг 712 сая төгрөгөөр хохироожээ

 

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:30 цагаас Дорноговь аймаг, Замын-Үүд сум, УБ Төмөр замын харьяа Замын-Үүд Зангилаа, Замын-Үүд Өртөөний 52 ажилтан хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд хандлаа.

Хуралд оролцогчид орон нутагт баригдах орон сууцны царцсан барилга, Төмөр замын удирдлагуудын хуудуутай шийдвэр, хариуцлагагүй барилгын компанийн луйвраас болж, 2014 оноос хойш зургаан жилийн турш эдийн засгийн хохирол амсч, 712 сая төгрөгөөр хохироод байгаа аж. Эдгээр 52 иргэний төлөөлөл дараах мэдээллийг өгч байна.

“Олон айл өрхөд  эдийн засгийн ноцтой хохирол үүсээд байна”

 Улаанбаатар ТөмөрЗамын Удирдах газраас  Замын-Үүд зангилаа, Замын-Үүд өртөөний нийт 52 ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  №34/515 тоот албан бичгийн дагуу 66 айлын орон сууцны барилга барих газрын асуудлыг шийдэж, орон сууцны барилга бариулахаар болсон байдаг.

Уг орон сууцанд хамрагдахаар хохирогч болох 52 иргэн 2014 оны 06 сарын 30-ны өдөр “Эрдэм түм” ХХК-тай гэрээ хийж, орон сууцны урьдчилгаа  30 хувийн төлбөр болох нийт 712 сая  /712,000,000/ төгрөгийг тушаасан байдаг. Гэтэл эдгээр иргэд өнөөдрийг хүртэл байр орон сууцгүй, буцааж авсан мөнгө төгрөг ч үгүй хохирч, хуулийн байгууллагад удаа дараа хандсан ч  энэ асуудал нь  шийдэгдэхгүй явсаар өнөөдөр зарим иргэдийн амьдралд эдийн засгийн ноцтой хохирол үүсч,  зарим айл өрхөд өвчин зовлон тохиож, хүнд байдалд ороод байгаа тул арга буюу  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд хандаж байна.

Энэ талаар УБТЗамын Удирдах газар удаа дараа хандсан боловч 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл эрх ашиг нь хохирсон 52 ажилтандаа үүсээд  буй нөхцөл байдлын талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй төдийгүй гомдол хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч хариу ирүүлдэггүй байна.  Энэхүү хэвлэлийн бага хуралд  хохирсон иргэд бүгд оролцох хүсэлтэй байгаа боловч орон даяар зарласан хөл хорионы дэглэмтэй холбогдуулан 3-4 иргэн төлөөлөн ирж оролцож байна. Хохирогчдыг төлөөлөн оролцож буй өмгөөлөгч Н.Нямдорж дараах мэдээллийг өгч байна.

“Г.Сэрээнэндорж, О.Мэндсайхан нарын халаасны компани иргэдийг хохироож байна”

Үүсээд буй асуудал, нөхцөл байдлын талаар Н.Нямдорж “Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын харьяа Замын-Үүд Зангилаа, Замын-Үүд Өртөөний нийт 52 ажилчин албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  №34/515 тоот албан бичгийн дагуу 66 айлын орон сууцны барилга барих газрын асуудлыг шийдэж, орон сууцны барилга бариулахаар болсон байдаг.  

2013 онд УБТЗамын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж  2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/41 тоот итгэмжлэл олгосны дагуу тухайн үед УБТЗамын Замын-Үүд Зангилааны дарга О.Мэндсайхан нь орон сууцны барилгын ажлын  гүйцэтгэгчийг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Хаш цагаан өргөө” ХХК, “Эрдэм түм” ХХК, “Гарьдын бүрд” ХХК зэрэг эдийн засгийн чадавхигүй компаниудтай дур мэдэн гэрээ хэлцэлийг хийсэн байдаг.

Энэ үед  УБТЗамын харьяа Замын-Үүд зангилаа, Замын-Үүд өртөөний нийт 52 ажилтан нь орон сууц захиалгаар бариулах ажилчдын нэрсийн жагсаалалтанд бүртгүүлж, улмаар гэрээ хэлцэлийг 2014 оны 06 сарын 30-ны өдөр “Эрдэм түм” ХХК-тай хийж, орон сууц захиалан бариулах 30 хувийн төлбөр болох нийт 712 сая /712,000,000/ төгрөгийг тушаасан байна.

2014 онд  орон сууцны урьдчилгаа төлбөр, 712 сая төгрөгийг өгчээ

Энэ мөнгийг тухайн үед Замын-Үүд зангилааны дарга ажилтай байсан О.Мэндсайхан ямар зүйлд, яаж зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхой биш байна.  Өөрөөр хэлбэл, Замын-Үүд Зангилаа, Замын-Үүд өртөөний нийт 52 ажилтан орон сууц захиалан бариулахаар гэрээ хэлцэлээ хийж, урьдчилгаа төлбөрөө 2014 оны 06 дугаар сард хийж гэрээний үүргээ гүйцэтгэсээр байтал УБТЗамын Удирдах газар болон Замын-Үүд Зангилааны дарга О.Мэндсайхан, 52 ажилтныг төлөөлсөн гэх Ү.Сангидорж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Эрдэм түм” ХХК, “Гарьдын бүрд” ХХК нар нь өнөөдрийг хүртэл барилгын ажлыг дуусгаагүй, 712,000,000 төгрөгийг юунд хэрхэн зарцуулсан талаар тодорхойгүй, 52 ажилтан 2013 оноос өнөөдрийг хүртэл мөнгөө ч авч чадахгүй, байрандаа орж чадахгүй тэдгээр хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, эдийн засгийн багагүй хохирол амсаад байна.

Энэ талаар УБТЗамын Удирдах газар 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл эрх ашиг нь хохирсон 52 ажилтандаа үүсээд энэхүү нөхцөл байдлын талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй төдийгүй гомдол хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч хариу ирүүлдэггүй байна.

Ийнхүү хохирсон иргэд УБТЗамын Удирдах газар болон дарга Ч.Мижиддорж, Л.Пүрэвбаатар, Г.Сэрээнэндорж Д.Халтар, О.Мэндсайхан, Л.Бямбасүрэн нарт  гомдол, өргөдөл гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл УБТЗамын удирдах газар ямар нэгэн арга хэмжээ авахгүй, 6 жилийн турш эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч, тодорхой шийдэл хүлээж суугаа 52 ажилтнаа үл тоомсорлож байгаад маш гомдолтой байна.  Мөн энэ асуудлаар хохирогч болох Замын-Үүд Зангилаа, Замын-Үүд өртөөний 52 ажилчид эрх ашгаа хамгаалуулахаар 2017 онд УБТзамын удирдлага болон Замын-Үүд Зангилааны дарга ажилтай байсан О.Мэндсайхан нарыг Цагдаа, Прокурорын байгууллагад хандан шалгуулсан боловч “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

“Хоосон карказ дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна”

Барилгын компаниудын булхай луйвар: Энэхүү 66 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг УБТЗамын Удирдах газраас гэрээ хэлцэл байгуулах эрх олгосны дагуу тухайн үед буюу 2015 онд “Эрдэм түм” ХХК, “Гарьдын бүрд” ХХК нар барилгын ажлыг хийхээр болсон боловч хөрөнгө мөнгө байхгүй, банкны зээл бүтсэнгүй гэх шалтгаанаар 52 ажилтнаас хуримтлагдсан 712,000,000 төгрөгийг дуусгачихаад дуусаагүй барилгын карказ дээр 60 хувийн гүйцэтгэл хийгдсэн гэж Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч, энэхүү гэрчилгээг гаргуулан авах зорилго нь банкнаас зээл авах зорилготойгоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, банкнаас зээл авах гэсэн боловч бүтэлгүйтсэн учир 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд сумын тойрогийн нотариатч Хишигшинэн дээр орж “Бэлэглэлийн гэрээ” гэгчийг байгуулан “Гарьдын бүрд” ХХК нь УБТЗамын харьяа Замын-Үүд Зангилааны дарга О.Мэндсайхан, Замын-Үүд Өртөөний дарга Л.Бямбасүрэн нарыг байлцуулан дуусаагүй барилгын 30 хувийг 712,000,000 төгрөгөө тушаасан 52 ажилтны мэдэлд бэлэглэлээр шилжүүлж хариуцлагаас зугтах арга замаа бий болгосон байна.

 Ингэж бэлэглэлийн гэрээ гэгчийг байгуулахдаа хохирогч болох 52 ажилтнаас нэгийг нь ч байлцуулалгүй, мөн тэдэнд мэдэгдэлгүйгээр УБТЗамын хоёр удирдлага дур мэдэн гэрээ хэлцэлийг байгуулж 52 иргэнд өнөөдөр үүсээд байгаа хүнд нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж

Эдгээр хохирогч болох 52 ажилтан 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл байрандаа ч орж чадахгүй урьдчилгаанд өгсөн 30 хувийн төлбөрөө ч авч чадахгүйд хүрсэн учир 2019 оны 01 дүгээр сараас 23 хохирогч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхэд хандсан боловч тус шүүхээс 22 иргэнээс гаргасан нэхэмжлэлийг “Бэлэглэлийн гэрээг” хүчин төгөлдөр бус тооцуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээд байгаа юм.

Нэхэмжлэл гаргасан 22 иргэн нь Бэлэглэлийн гэрээний улсын тэмдэгтийн хураамж төлөх мөнгө байхгүй, цалин хөлс багатай зэрэг байдлаас шалтгаалаад шүүхэд хандаж чадахгүйд хүрээд байна.

 

“Зарим  хохирогч нар боомилж үхэхээс ч буцахааргүй үйлдэл хийж байна”

Эцэст нь хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж буй энэхүү 52 иргэн орон байртай болж тохь тухтай амьдрах бус, хариуцлагагүй дарга нар, барилгын компанийн булхай луйвраас болж, бүтэн зургаан жилийн турш эд хөрөнгө, мөнгө төгрөг, сэтгэл санаагаараа  хохирч, 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ хохирлоо барагдуулах талаар хаана, хэнд хэрхэн хандаж шийдвэрлүүлэхээ мэдэхгүй, хуулийн байгууллага, Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагад хандахаар хүлээж авдаггүй, шийдвэрлэж өгдөггүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын харьяа Замын-Үүд Зангилаа, Замын-Үүд Өртөөний нийт 52 ажилчин албан хаагчидын энэхүү туслгамдаад байгаа асуудлыг УБТЗамын Удирдах газар, “Эрдэм түм” ХХК, “Гарьдын Бүрд” ХХК, Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллага анхааралдаа авч яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардаж байна.

Эдгээр хохирогч иргэдийн дотор өнөөдар орон гэргүй, түрээсийн байранд амьдарч байгаа иргэд цөөнгүй байгаа бөгөөд цаашид ямар орон байранд яаж амьдрах нь тодорхойгүй иргэд олон байна. Мөн зарим  хохирогч нар боомилж үхэхээс ч буцахааргүй үйлдэл хийж байсныг нь УБТЗамын Удирдах газрын дарга нар, хуулийн байгууллагынхан анхааралдаа авах нь зүйтэй болов уу?”....хэмээн хохирогч иргэдийн төлөөлөл болон хуульч өмгөөлөгч Н.Нямдорж мэдээлэв.

 

Эх сурвалж: www.news24.mn, сэтгүүлч Г.Отгонжаргал

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.239)