ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг зээлээ төлөхийг шаардав

Г.Отгонжаргал

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг залуучуудын төлөөллөөс УИХ-ын гишүүн Н.Учралд албан шаардлага хүргүүлж, зээлээ төлөхийг шаардсан талаар  хэвлэлийн бага хурал  хийсэн юм.

 Залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон эдгээр залуус ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэл шаардлага хүргүүлж,  энэ шударга бус үйлдэлд нь бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Мэдээллийнхээ үеэр тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд зээлээ төлөхийг шаардсан албан  шаардлагыг хүргүүлж,  эхний хоёр хүнээс хариугаа хүлээн аваад байгаа аж.

 Мөн жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих төслөөс гишүүд өөрсдийн болон хамаарал бүхий компаниар дамжуулан  их хэмжээний  зээл авна, олгоно гэдэг ёс зүй, ашиг сонирхлын хувьд ч байж боломгүй зүйлс. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан дээрх хүмүүсээс маш цөөн хүн зээлээ буцааж төлсөн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад буй. Тиймээс үлгэр жишээ үзүүлэх, шударга үнэний түүчээ болно гэж бодож, УИХ-ын залуу гишүүн Н.Учралд хандаж, мэдэгдэл шаардлага хүргүүлснээ хэлэв.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд,  аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг тэрбум орчим төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн үед энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн гадаадад явсан Н.Учрал гишүүн яаран сандран мэдэгдэл хийж, энэ мөнгөө буцааж төлнө, төлөх төлөхдөө бүр өнөөдөр төлнө гэж мэдэгдэж байсан. Тэрээр “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй.

Хэрэв  хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. Би мөнгийг нь төлчихье” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудалд хойрго хандсаар байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.

Тиймээс залуу бизнес эрхлэгчдийн зүгээс "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан"-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд албан шаардлагыгхүргүүлж, хэнээс ямар хариу ирснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандаж дуулгах болно гэдгээ мэдэгдсэн юм.

 Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.246)