ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД: ЭЕШ өгөх 2500 орчим хүүхдийн мэдээлэл дутуу байна

      Орон даяар үргэлжилсэн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлээд хаагдсан.  Цахим бүртгэл болон элсэгчдийн анхаарах зүйлсийн талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.  

- Элсэгчдийн цахим бүртгэл дууссан. ЭЕШ өгөхөөр хэдэн  хүүхэд бүртгүүлэв, явц ямар байв?

-Энэ жилийн хувьд 32396 хүүхэд цахим бүртгэлд хамрагдахаар хандсан байна. Үүнээс 30824 хүүхдийн бүртгэл нь бүрэн баталгаажсан. Харин үлдсэн 2500 орчим хүүхдийг хувийн мэдээлэл, хичээл сонголт, төлбөр төлөлт дутуугаас  болж, бүртгэлдээ хамрагдаж чадаагүй байна. БҮТ-өөс  эдгээр хүүхдийн хувийн майл хаяг, эцэг эхийн болон өөрийнх нь гар утсаар нь захидал явуулж, мэдээлэл илгээсэн.

Магадгүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан интернэт хэрэглээ, эдийн засгийн боломж зэргээс шалтгаалан бүртгэл дутуу хийгдсэн байж болно. Тиймээс Боловсролын үнэлгээний төвөөс эдгээр хүүхдийн бүртгэлийг баталгаажуулахаар хоёр өдрийн хугацаа заагаад, энэ сарын 17-ны өдрийг хүртэл хүлээж байна. Тиймээс эдгээр хүүхдүүдээ цаг хугацаандаа амжиж, мэдээллээ баталгаажуулахыг сануулж байна.

Бүртгэлдээ амжилттай хамрагдсан хүүхдүүд БҮТ-ийн “Элсэгчийн сонин”, цахим зөвлөх дэд сайтаас шалгалт өгөх хичээлийн даалгавар, багш нарын зөвлөгөө гээд өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.

Г.Отгонжаргал

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.227.209.101)
Я.Мөнхсоёл Бүртгүүлж төлбөрийг 17ний өдөр дансаар шилжүүлсэн боловч идвэхжихгүй бна.яах вэ
2020-04-18 Хариулах