Д.Нямхүү: “Амар” зочид буудалд тусгаарлагдсан нэг хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.16/ ээлжит мэдээллээ өглөө.


Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ болон Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 84 хүний шинжилгээ хийсэн. Сэлэнгэд хяналтаар ажилласан эмч, мэргэжилтэн 44 хүнээс шинжилгээ хийсэн. ОХУ-аас ирж, “Амар” зочид буудалд усгаарлагдсан 11 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Нийт батлагдсан халдварын тоо 31 боллоо. Үүнээс таван хүн эмчлэгдэж гарсан. Үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. "Сонгдо" эмнэлгийн хоёр сэжигтэнд эсрэг биетийг шинжлэх шинжилгээ хийлээ. Эсрэг биет илрээгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр коронавирусээр өвдөөгүй байна.

Мөн эмчлэгдээд гарсан таван хүний ийлдэст шинжилгээ хийлээ. Эсрэг биет илэрсэн. Ер нь бид эмчлэгдээд гарсан хүнийхээ үр дүнг хянах зорилгоор нарийн вирус илрүүлэх шинжилгээ хийж явдаг. Эмчлүүлээд эдгэрсэн таван хүний биед эсрэг бие үүссэн байна. Эсрэг бие гэдэг нь вирус биш, түүний эсрэг ажиллаж буй арми юм.  

Энэ бүгдийг тэмдэглээд, тандалт судалгаа хийж байна. Эсрэг биет гэдэг нь хүний биед гаднын биет вирус орж ирэхэд хүний дархлалын систем буюу нянтай тэмцдэг арми ажиллаж эхэлдэг. Энэ бол дархлалын систем. “Ковид 19” халдвар хүний биед орж ирэхэд эсрэг ажилладаг биет гэж байдаг. Тэр эсрэг биет хүний биед үүсдэг. Хүний дархлал ямар зохион байгуулалттай ажилладаг вэ гэдгийн нэг жишээ энэ. Тэгэхээр энэ эсрэг биет нь халдвар аваад эдгэсний нэг ёсны тамга гэж ойлгох ёстой. Энэ эсрэг биетээр дамжуулан тухайн хүний биеийг хянах боломжтой юм” гэв.

Г.Отгонжаргал

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.152)