КОВИД-19 | 70 гаруй вакцин боловсруулжээ
Сүүлийн 24 цагт коронавирусний тархалт өндөр байгаа орнуудад өвчлөл, нас баралт багассан ч АНУ-д дөрөв дахин нэмэгджээ. Испани, Итали, Франц болон Иран улсад нас баралт хоёр дахин нэмэгдэж, нас баралт хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа орноор Францыг нэрлэж байна.
Эмнэл зүйн туршилтад 90 гаруй орны 900 өвчтөн оржээ. ДЭМБ-аас халдварт саа өвчин болон сүрьеэгийн вакцин нь коронавирусээс сэргийлнэ гэх ярианы талаар “Энэ нь тогтоогдоогүй зүйл” гэсэн учир эдгээр өвчний эсрэг вакциныг коронавирусний халдвартай тэмцэхэд ашиглахыг зөвлөхгүй байгаа аж.
Дэлхий дахинд нийт 70 гаруй вакцин боловсруулж, гурвыг нь туршжээ.
Нэг сая хүнд ногдох шинжилгээний тоогоор Сингапур улс 12800 байгаа нь дэлхийд өндөрт тооцогдож байна. Мөн гэрийн хорионд байгаа хүмүүсийг байршлаар нь хянаж, өвчлөлийн тархалтыг хяналтдаа авах ажлыг тус улсад маш сайн хийж байгааг ДЭМБ мэдээлжээ.
Тэгвэл Японд шинээр 549 тохиолдол илэрсний 127 нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна. Тус улсад 173 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Нийт 1546 хүн эдгэрчээ. Японы Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг дэмжих зорилгоор тус улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд хүмүүсийн бөөгнөрлийг хянаж, үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тухайлбал, “Тошиба” компани Япон дахь үйл ажиллагаагаа зогсоожээ.
Африк тивд Ангол, ӨАБНУ, Зимбабвед хөл хорио тогтоосон байна. ДЭМБ улс орнуудад хандан хязгаарлалтын арга хэмжээгээ эрт цуцлахгүй байхыг анхааруулжээ.
АНУ тархалтаараа дэлхийд нэгдүгээрт явж байгаатай холбоотойгоор тус улсын муж болгон өвөрмөц арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, хүмүүс нэгнээсээ 1.5-аас дээш зайд зай барих, зарим мужид бүх сургуулийн хичээл ирэх хичээлийн жилийг хүртэл хаагдаж, 10-аас дээш хүнийг нэг дор байлгахгүй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.