Японы гурван мужид онцгой байдал тогтоож магадгүй
Японы Засгийн газар коронавирус тархсантай холбогдуулан нэмж гурван мужид онцгой байдал тогтоох талаар хэлэлцэж байна гэж “Asahi” сонинд эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа, мөн халдвар ямар замаар тархаж буйг тогтоож чадахгүй байгаа Айчи, Киото, Хоккайдо мужуудад онц байдал зарлаж магадгүй байна. Хэрэв эдгээр мужид ийм арга хэмжээ авбал тавдугаар сарын 6-н хүртэл үргэлжлэх аж.
Нутаг дэвсгэрт нь онцгой байдал зарлахгүй байхыг Киото мужийн эрх баригчид өмнө нь Засгийн газартаа уриалсан бол Айчи, Хоккайдо мужуудын эрх баригчид бие даан орон нутгийн хэмжээнд онцгой дэглэм тогтоожээ.
Японы эрх баригчид дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн Токио болон тус хоттой зэргэлдээ орших Канагава, Сайтама, Чиба мужуудад, Осака болон тус улсын Хоншю арлын баруун өмнөд хэсэгт оршдог Хёго, Кюшю арлын Фукуока мужид онцгой байдал зарласан билээ. Энэ дэглэмд ямар нэгэн хатуу хязгаарлалтын арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд оронд нь олон нийтийн байгууламжууд, үзвэр үйлчилгээний газрууд хаасан байна.
Японд коронавирусний халдвар авсан хүний тоо 9400 давж, 191 хүн нас барсан бол 173 хүний биеийн байдал хүнд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.