БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа

 БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулсныг өнөө өглөөний урьдчилсан дүн харууллаа. Сонгогчид коронавирусээс үүдэлтэй хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй Засгийн газрын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйг энэхүү үйл явдал нотолжээ.

БНСУ-ын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгохоор дөрвөн жил тутам зохион байгуулдаг сонгууль энэ удаа улс орон даяар “COVID-19” цар тахалтай тэмцэж буй үед болсон юм. Саналын хуудсын 90 гаруй хувийг тоолсны дараах байдлаар, эрх баригч Ардчилсан намын эвсэл 180 суудал буюу нийт суудлын тавны гурвыг авах төлөвтэй байгаа бол сөрөг хүчний Нэгдмэл ирээдүй намын эвсэл 103 суудал авах төлөвтэй байна.

Эрх баригч нам сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа парламентад үнэмлэхүй олонх болж буй нь энэ ажээ. БНСУ нь “COVID-19” дэлхий даяар тархсанаас хойш орон даяар санал хураалт явуулсан анхны томоохон улс боллоо. Энэ удаагийн сонгууль нь Ерөнхийлөгчийн албыг гурав дахь жилдээ хашиж буй Мүн Жэ Иний хувьд бүх нийтийн санал асуулга боллоо хэмээн олон нийт үзэж байна.

БНСУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, Хууль зүйн сайд асан Чо Куктэй холбоотой дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг дэмжигчдийн түвшин өнгөрсөн онд 30 хувьд хүрч буурсан боловч Засгийн газраас коронавирусний хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлт олон нийтийн үзэл бодлыг өөрчилж, сүүлийн санал асуулгуудаар Мүн Жэ Инийг дэмжигчдийн түвшин 50 хувь давж өсжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн БНСУ-д сүүлийн мэдээллээр 10600 орчим хүн халдвар авчээ. Тус улсад лхагва гаргийн байдлаар гурав хоног дараалан өдөрт 30-аас доош халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Ардчилсан нам ялалт байгуулснаар Мүн Жэ Ин бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд төрийн хэргээ тогтвортой үргэлжлүүлэх боломж бүрдэх ажээ. Эрх баригч нам халдварын тархалтыг хязгаарлаж, эдийн засагт учрах нөлөөг бууруулахад голчлон анхаарахаа амлажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.147)