Хаврын тариалалтад зориулан бүсчилсэн зөвлөмж гаргажээ

“Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриатай 2020 оны хаврын тариалалт эхэлж буйтай холбоотой Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс тариаланчдад зориулан зөвлөмж гаргажээ.

Улсын хэмжээнд энэ онд 360 мянган га-д улаанбуудай, 16 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариална. 

Манай орон өндөр уул нуруу, өргөн уудам хээр тал хосолсон нутагтай учир газар тариалангийн бүсүүд нь хөрс, уур амьсгалын нөхцөлөөр эрс ялгаатайгаар барахгүй бүс дотроо цаг агаарын нөхцөл харилцан адилгүй байдгаараа онцлогтой. Иймээс 5-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан хаврын тариалалтад баримтлах ерөнхий агро зөвлөмжийг бүсүүдээр хуваан гаргасан байна.

Жишээлбэл, газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг Төвийн тариалангийн бүсэд 5-р сарын дундаж температур Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 5-10 хэм буюу олон жилийн дундаж орчим, бусад нутагт олон жилийн дунджаас 1.5-2.0 хэм дулаан байх төлөвтэй байна. Энэ нь үр суултын гүний дулааны хангамж сайн байх боловч нөгөө талдаа хөрс эрт халж чийг ууршилтыг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй. 

Баруун ба говийн бүсэд хавар цас оройтож хайлдаг учир тариалалтын үед хөрс өнгөндөө голдуу чийгтэй байдаг бөгөөд энэ нь 6-р сард олон жилийн дунджаас бага байх тунадасны хомсдлыг нөхөх боломж олгодог. Зүүн бүсэд 5, 6-р сард салхи ихтэй, анхны бороо хожуу ордог учир тарих хугацааг тохируулж, үрийн сортыг зөв сонгоход  онцгой анхаарвал зохистой аж.

Энэ мэтчилэн уг зөвлөмжид тулгуурлан тухайн орон нутаг, нугын хэмжээнд талбай бүрээр нарийвчилсан агро зөвлөмж боловсруулж мөрдвөл зохистой хэмээн эрдэмтэд тэмдэглэжээ. Энд дарж зөвлөмжийг бүрэн эхээр нь үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.207.196)