Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулав
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг өчигдөр буюу энэ сарын 23-нд зохион байгуулж, 3 газар худалдсан байна.
Тодруулбал, үүрэн телефоны станцын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастын овоот толгойн 0.011 га газрыг 2.9 сая, 18 дугаар хорооны “Хайлааст” усан сангийн хойд талын толгойн 0.01 га газрыг 1.3 сая төгрөг, 19 дүгээр хорооны Даянгийн хойд уулын 0.01 га газрыг 892 мянган төгрөгөөр дууджээ. Үүний өмнө буюу энэ сарын 8-нд болсон дуудлага худалдаагаар 7 газрыг 221 сая 217 мянга 672 төгрөгөөр дуудсан. Ингэснээр нийслэлийн төсөвт нийт 226 сая 411 мянга 669 төгрөг төвлөрөх болж буй юм.
Ташрамд дурдахад, Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 47 газарт дуудлага худалдаа зохион байгуулахаар тусгасан. Одоо 37 газар үлдэж байна.