БНХАУ Умард Солонгос руу шинжээчдийн баг илгээжээ
БНХАУ-ын эрх баригчид БНАСАУ руу эмнэлгийн шинжээчид бүхий мэргэжилтнүүдийг баг илгээсэн гэж “Reuters” агентлаг нэрээ нууцалсан гурван эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. Тус агентлаг энэхүү мэдээллийг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдал муудсан байж магадгүй тухай өмнө нь гарсан цуу яриатай холбоотой гэж үзэж байгаа аж.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, Хятадын коммунист намын /ХКН/ Төв хорооны олон улсын хэлтсийн өндөр албан тушаалтнаар ахлуулсан төлөөлөгчдийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Умард Солонгос руу илгээжээ.
Дээрх мэдээлэлд болон энэ нь Ким Жөн Уны эрүүл мэндийн байдал муудсан гэх мэдээлэлтэй холбоотой эсэх талаар лавласан хүсэлтэд олон улсын хэлтэс болон БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас одоогоор хариу өгөөгүй байгаа аж.
Ким Жөн Уны биеийн байдал муудсан гэх мэдээлэл гарах болсон шалтгаан нь тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд тохиодог өвөө Ким Ир Сенийнхээ мэндэлсэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоогүйгээс үүдэлтэй юм. Ким Жөн Ун мэс засал хийлгэсний дараа биеийн байдал нь муудсан гэх тагнуулын мэдээг АНУ-ын эрх баригчид шалгаж байна гэж "CNN" телевиз дөрөвдүгээр сарын 20-нд мэдээлсэн бөгөөд одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна. Харин БНСУ-ын эрх баригчид мэдээлэхдээ, Умард Солонгосын удирдагч өвдсөн гэж таамаглаж болохуйц үйл явдал ажиглагдаагүй хэмээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдал муудсан гэх мэдээллийг дөрөвдүгээр сарын 23-нд няцаасан юм. .