Төрийн албаны тусгай шалгалт дөрөвдүгээр сарын 28-нд эхэлнэ
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттай, зайлшгүй тохиолдолд ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах эхний ээлжийн шалгалтыг Ховд аймагт дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс тавдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөл хуралдаж, шалгалт зохион байгуулахад анхаарах зүйл, аргачлалын талаар хэлэлцсэн. Улмаар тус шалгалтыг зохион байгуулах комисс, 1, 2 дугаар дэд комиссыг баталлаа.
Нийт 29 албан тушаалын орон тоонд Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулна. Мөн шалгалтыг хуваарийн дагуу долоо хоног тутамд 1 удаа зохион байгуулах аж.
Ингэхдээ шалгалтын товыг 3 өдрийн өмнө зарлана. Оролцогчдын бүртгэлийг шалгалтын өмнөх өдрийн 09:00-17:00 цагт Төрийн албаны салбар зөвлөл цахим хэлбэрээр хүлээн авна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.