Дэлхийн аварга Г.Угалзцэцэгийнх гэр бүлээрээ фитнесс амьдралтай
Долоо хоногийн жирийн нэгэн өдөр “Chamo fitness” гэсэн хаягтай саарал байшингийн хаалга татан орвол нэг л таатай өнгө төрх угтав. Үүдэнд уулзсан бүсгүйгээс “Угалзцэцэг аварга байгаа болов уу” гэвэл байгаа байгаа гээд цаашихнаа эргэж “Багшаа тантай хүн уулзъя гэж байна гэлээ. Тохилогхон зассан лангууны цаанаас ховор инээмсэглэл тодруулан гарч ирсэн эмэгтэй миний уулзахыг зорьсон хүн Угалзцэцэг байв.
Тэр ялдам инээмсэглэл тодруулах зуураа
-Манай клуб шинэ газар төвхнөөд удаагүй болохоор хол санагдав уу. Эрж будилаагүй биз гэж байх юм.
-За дахин аварга болж алтан медаль зүүгээд ирсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Ажил бужигнаад л байна уу?
-Би чинь нар битүү эндээ ирээд бараг шөнө дөл болоход харьдаг хүн. Сая тэмцээнээс ирж бараг онгоцноос бууснаас эхлээд л сурвалжлагч нарт ээрэгдээд бүр ч завгүй. Та бас нэг нь ирж байх шиг гэж ярилцах зуур Угалзцэцэг инээд бэлэглэсээр л…
Арга ч үгүй биз. Гэрэл гэгээтэй юм ховордсон энэ цагт тив дэлхийн алдартан төрнө гэдэг сайхан юм. Угалзцэцэг бодибилдингийн дэлхийн гурван удаагийн аварга хүн. Азид гэвэл мөн л хоёр удаа түрүүлчихсэн байсан. Тэгвэл сая Тайландад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс бас гурав дахь алтан медалиа аваад ирж. Ингэхлээр телевиз, сониныхонд чухал хүн байлгүй яахав. Ингэж бодох зуураа би түүний өмнө дуу хураагчаа тавиад,
-Өөрийгөө нэг сайхан танилцуулчихна уу даа гэвэл.
-Та бид хоёр танилцчихсан юм биш үү. Одоо чухам юу ярихсан билээ гэж мөн л инээд цалгиулав.
Элдэв зангүй, эелдэгхэн инээд нь ойрхон нэгэн юм аа тэр. Хэдэн үгээ хэлээд л дараагийн үг нь инээдтэйгээ чихцэлдэн урсах. Тэр нь төрөлхийн зан нь юм сан уу. Нэг бол бодибилдинг гэдэг өвөрмөц спорт хүнийг тийм ааль занд сургачихдаг хэрэг үү. Иймийг бодоход энэ тухай өөрөөс нь лавлахад.
-Бодибилдинг фитнесс гэдэг спортын төрөл хүнд их юм өгдөг. Даангүй хүн сэтгэл зүйн алив саар зүйлийг огт мартдаг, байнга таашаал авч сэтгэл санаагаа түвшитгэж байдаг. Миний хувьд амьдрал, ахуй бүх юм энэ л спортдоо чиглэчихсэн. Өөрийг бодох ч завгүй явдаг. Бие бялдраа өөрчилж сэтгэл зүйгээ өв тэгш авч яваа болохоор ямар ч стресс алга, уурлах уцаарлах шалтгаан ч байхгүй ийм л байдаг даа гэсэн юм.
Тиймээ сэтгэл түвшин амьдарна гэдэг энэ бүсгүйн хувьд биелэлээ олжээ. Ингэхлээр зүйрлэбэл шувуу шиг жаргалтай гэж хэлье гэж бодов.
Түүнийг би жигүүрхэндээ хүчтэй нисч яваа шувуутай адилтган үзлээ. Нэгэнт өндрөө авсан бол шувуу хаа ч хамаагүй буудаггүй. Буух газраа л бууна. Түүн лүгээ Монголдоо төдийгүй дэлхийд алдар нь түгж яваа бодибилдингийн нэрт тамирчин Гамбагаагийн Угалзцэцэг зорилгодоо хүрэхийн төлөө залуу насны цог золбоо, олдсон аз жаргалтайгаа цуг шувуу шиг нисч, дүүлж яваа юмсан билээ. Тэвчээр шалгасан жил, сар, орон зай, цаг хугацааны ирж буцах өдрүүдэд тэрбээр юу эсийг амжуулав. Г.Угалзцэцэг бусдын адил өвөө, эмээ, аав ижийгийнхээ эрх охин байсан ч оюун ухаандаа холч бодолтой, ажилсаг бас авхаалжтай нэгэн болж өсч. Сурагч амьдралаас оюутан болж алхам хийхдээ хүний сурах бүхнийг сурч мэргэжилтэй бол мэргэжилтэй хүн болсон. Хажуугаар нь сонирхсон бүхнээ ажил, амжилт гэж бодож ирж. Өөрийнх нь ярианаас үзэхэд сонирхолдоо хөтлөгдөн гэрэл зурагчин болж бас болоогүй жижиг студи байгуулчихсан байж. Бас цаг цагийн эрхээр түмний адил ганзагын наймаа хүртэл хийгээд үзсэн гэж ярьсан шүү.
Харин бодибилдинг гэдэг тэвчээр хийгээд амаргүй бүхнийг шингээсэн спортод нэг л өдөр шунан дурлаж, шумбан орсон юм гэнэ л.. Сонгосон нь буцах замгүй гэгээн харгуй байлаа. Амьдрал юугаа зориулах алтан шар зам нь түүнийг хөтөлжээ. Бодибилдингийн тамирчин хүн өөрийн бие галбираа бүтээдэг гэж тэр хэлсэн. Тэгвэл өөрөө зөвхөн Угалзцэцэг гэдэг бодьгалийг бүтээж яваа юм байх нь л дээ. Тэгэхлээр хэдхэн жилийн өмнө спортын энэ төрлийг монголчууд төдийлөн мэддэггүй жаахан төсөөлөхөөрөө америкийн киноны нэгэн од Шварценегер гэдэг булчин шөрмөс нь зангирсан нэгэн эр хүнээр л төлөөлүүлж боддог ийм л байсан даа. Тэгвэл өнөөдөр манай улсад тив, дэлхийн олон аварга тамирчинтай, нийслэлд гэхэд фитнесс клуб хэдэн арваараа бий болсон байх юм.
Бодибилдинг фитнессийн гол мөн чанар нь байгалийн өгөгдэхүүнийг нийгэмшүүлж гоо сайхны мөн чанар нэг үгээр хэлэхэд энэ л төрхөмд хүн бие, сэтгэлээ албадан аваачихад оршдог гэж захын хүн хэлэх болсон нь жирийн юм биш тэр чигээрээ шинжлэх ухааны тодорхойлолт гэж болох ажээ. Энэ үгийг Г.Угалзцэцэг аваргын ухаанаа уудалсан сайхан ярианаас олж мэдлээ. Ингээд эссе тэмдэглэлийнхээ гол баатар Г.Угалзцэцэгийн амьдралын тойргоор аялаад үзье л дээ.
Хөвсгөл нутгийн охин тэр дунд сургуульд ортлоо хөдөө өсч өвөө, эмээдээ тусархаг сүрхий охин байж л дээ. Аав, ижийгээ дагаад хотод ирж сургуульд орсон хойноо ч гэр хорооллын айлын хүүхэд ямар ажилтай хүмүүжилтэй байдаг билээ. Тийм л байсан гэх. Түлээ хөрөөднө хагална, ус зөөнө. Түүндээ түүртдэггүй л байсан тухайгаа өөрөө ярьдаг юм билээ. Дунд сургуулиа дүүргээд Техникийн их сургуульд элсч сүүлд нь үйлдвэрийн дизайны мэргэжилтэй төгсч аав, ижийгээ баярлуулсан байна. Гэвч улс орны эдийн засаг буснисан үйлдвэрүүд хаалгаа барьсан ороо бусгаа цаг таарсан болохоор мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй аж. Угалзцэцэг гэрэл зурагчин болж үзэв. Нэг талдаа бизнес юм даа. Гэтэл нэг жижиг өрөөнд суугаад байхаас уйдах ч шиг санагдсанаар ер нь бодибилдинг фитнессийн клуб хавь эргэлдэх болоод сэтгэл татагдаж нэг өдөр нөхөртөө хэлж,
-Би бодибилдинг фитнессээр хичээллэе гэж. Тэгсэн нөхөр нь дургүйцэнгүйгээр,
-За хө чи минь больж үз. Хөшиж хөдөлгөөн дутагдаад байгаа юм бол гэртээ зам, дугуй ч болсон аваад тавьчих гээд хавьтуулсангүй. Гэвч Угалзцэцэг шантараагүй. Бараг 10 жил нөхрөөсөө гуйж аргадаад дийлсэнгүй. Өөрийн зорьмог зандаа хөтлөгдөн нөхрийнхөө үгнээс тас зөрж нууцаар клубт очоод бүртгүүлж хичээлд нь ороод эхэлж. Удалгүй нөхөр нь аав, ижий нь бие сэтгэлээрээ мэдрээд ирж л дээ.
Энэ үеэсээ тэмцээнд орохыг боддог болж. Түүний анхны тэмцээн нь Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн байж. Эндээс дөрөвдүгээр байр эзлэсэн нь ер нь болох юм байна шүү гэж бодол төрүүлсэн байгаа юм. Дараа жилээс дотоодын хэд хэдэн тэмцээнд орж мөнгө, хүрэл медаль авсан нь тэр бодлыг улам лавшруулж өглөө. Шамдаад бэлтгэлээ улам сайн хийгээд л байв. 2014 онд Азийн аваргаас хүрэл медальтай ирж. Үүнийгээ л Угалзцэцэг миний амжилтын эхлэл гэж бодсон гэх. Гэтэл аав ижий нь бас нөхөр нь,
-За одоо болно оо. Одоо энэ фитнесс гэдэг түвэгтэй юмнаасаа холд гэж ятгаад байсан байна. Тэд Угалзцэцэгийг азаар л нэг медаль чангаагаад ирлээ гэж үнэлсэн байгаа юм.
Түүнээсээ хойш хоёр сарын дараа ДАШТ-нд оролцож түрүүлээд ирэхэд л гэр орных нь таг дуугүй болсон гэдэг. Харин ч дэмжих тал нь дийлээд ирсэн байна. Ингээд Угалзцэцэг гэдэг бүсгүйн амжилтын буухиа үргэлжилж Ази тивийн аварга гурван удаа болсон бол дэлхийн аваргын алтан медаль, цомыг бас гурван удаа гардсан. Монголдоо төдийгүй дэлхийд данстай тамирчин болсон нь өнөөдөр. Одоо тив, дэлхийн тэмцээнээс авар гаруй медаль хүртээд байгаагийн ес нь алтан медаль гээд бод доо. Мундаг байгаа биз. Ер нь ч алив юманд зорьвол хүрч болох цэгт нь хүрэхийн төлөө тэр цуцалтгүй хөдөлмөрлөдөг юм билээ. Хүнд гэхээр энэ спортоор 4-5 жил хичээллээд л тив, дэлхийн аваргын титмийг олон удаа хамгаалчихаж. Гэхдээ оргилд нь хүрчихлээ гэсэн үг биш үү дээ. Уулчин Гангаамаа гэж нэг шантрашгүй зоригтой эмэгтэй бий. Тэр дэлхийн хамгийн өндөр найман оргилд гарчихсан содон амжилтын эзэн. Тэгвэл Г.Угалзцэцэгийг түүнтэй яг л ихэр амжилт үзүүлсэн гэж хэлж болох ажээ. Дэлхийн аварга Г.Угалзцэцэгийнх гэр бүлээрээ фитнесс амьдралтай гэж болохоор. Энэ нь Угалзцэцэгийн уйгагүй, хичээнгүй зан чанартай, туйлын хөдөлмөрчтэй холбоотой гэж хэлж болно. Охин М.Мойлоо нь ижийтэйгээ мөр зэрэгцээд бодибилдингийн тамирчин болсон. Яг ижийнхээ замаар Азийн аваргаас хүрэл медаль аваад байгаа юм билээ.
Одоо ДАШТ-д оролцоно. Бас ижийтэйгээ явна. Ер нь Угалзцэцэг сүрхийн тооцоо сайтай хүн л дээ. Дээд сургуулиа төгсөөд гэр бүлээ зохиож хүү, охин хоёр төрүүлж амьдрал тэгширсэн хойноо бодибилдинг фитнессээр хичээллэж эхэлсэн болохоор амьдралаасаа аль нэгийг нь золиослох юм байсангүй. Амьдрал нь ч сайхан, тамирчны хувьд амжилт нь дандаа өөдөө явж байгаа юм билээ. Нөхөр Г.Мөнгөнбаяр нь зураач, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, байгалийн нэрт зураач асан Цэмбэлдорж агсны ач хүү. Жинхэнэ удам дамжсан зураач аж. Түүний найзууд нь хошигнохдоо,
-Чи зураг зураад л, эхнэр чинь төмөр өргөөд л. Та хоёр мэргэжилээ сольчихсон юм биш үү. Бас эхнэрээ тэврэхээр чулуу шиг л санагддаг уу гэх зэргээр хөгжилддөг тухай Угалзцэцэг сонин болгож ярихдаа бас л элбэгхэн ирдэг инээдээрээ чимж байлаа. Нөхөр нь Угалзцэцэгийг дагаад бодибилдингээр хичээллэж үзсэн удаатай. Гэвч хоёр сарын дараа больсон гэх. Үүнийг манай хүн жаахан шантарсан байх аа гээд инээж байна лээ. Гэхдээ энэ спортын ач тус, сайн сайхныг эхнэрээрээ бас охиноороо дамжуулаад сайн ойлгож авсан байгаа юм. Тиймээс дэмжихийн дээдээр дэмждэг аж. Г.Угалзцэцэгийн сонгож авсан атлетик хэмээх ангилал эмэгтэй бодибилдийнгийн тамирчдын хувьд хамгийн сонгомол төрөл юм. Мэргэжлийн хэлээр нь бол классик ангилал гэж нэрлэдэг. Бүр энгийнээр ойлгуулъя гэх юм биеийн хамгийн гоё гоо сайхныг харуулдаг байх юм. Тийм ээ. Г.Угалзцэцэгийг харжээ байхад л тэр жижгэвтэр биендээ нэг тийм эрч хүч хадгалсан шинж аяндаа харагдах юм билээ. Бодибилдинг фитнессийн л ач тусаар анх бозлог шиг тарган жаал охин тэр төрхөөсөө болж бусдаасаа ичдэг байсан гэхэд үнэмшимгүй ч санагдах. Гэтэл энэ төрлийн спортынх нь онцлог хүнийг эрс өөрчилдөг бараг л огт өөр болгож шинэ төрхөөр нь бүтээдэг гэдэг нь үнэн юм даа.
Г.Угалзцэцэг дэлхийн аварга цолыг хоёр удаа Тайландад болсон тэмцээнээс авчээ. Тэгэхээр ДАШТ дандаа Тайландад болдог юм уу гэж бодогдох. Тэгээд Угалзцэцэгээс учрыг асуувал,
-Тайланд бол эзэн хаантай орон. Онцлог нь бодибилдингийн спорт бол үндэснийх нь шинжтэй болчихсон байдаг. Энэ спортод тайландчууд ёстой л сэтгэлээ өгсөн байдаг юм билээ. Тив дэлхийн чанартай тэмцээнийг эзэн хааны талаас санхүүжүүлж байдаг нь ч сайхан санагдам. Бас дэлхийд аялал жуулчлалыг жинхэнэ ёсоор нь хөгжүүлж чадсан. Хаа газар орныхон очиход визгүй учир нэг тэмцээн болно гэхэд маш олон орны тамирчин цуглардаг. Тэр чанараа тэмцээн ч их өрсөлдөөнтэй болдог байх юм. Тэглээ гээд зардал мөнгө гэж ер төвөгшөөхгүй харин ч ДАШТ-ийг улсынхаа үндэсий баяр наадмын дайтай үздэг аж. Сонирхуулахад би анх ДАШТ очоод сүрдэж л байсан. Газар газраас дэлхийн төд өдөн удаагийн аварга гэх тамирчин олон ирчихсэн. Би тэгэхэд Азийн аваргын хүрэл медальтай “бяцхан” амьтан. тэгсэн чинь би ялалтын амтыг тэнд л мэдэрч тэр аваргуудыг ардаа орхиод түрүүлж байлаа. Дараа жил нь бас түрүүлсэн.
-Өөрийн чинь жин төрөлд өрсөлдөгчид олон байдаг уу. Тэдэнтэйгээ найз нөхөд болчихоо биз дээ гэхэд аварга маань.
-Олон тамирчин байгаа.Миний атлетик төрөлд бүр олон. Хорь гаруй хүн бий. Хэд хэдэн тэмцээний дараа тэдэнтэй найз нөхөд бололгүй яахав. Харин нэг сонин нь нэг сайхан танилууд инээж хөхрөөд, тэврэлдээд уулзах хэрнээ.
-А энэ Угалзцэцэг бас л хүрээд ирж гэсэн мэт байдал царайнаас нь харагдаад байдаг юм.
Намайг түрүүлэхэд “шаврын хаалт” гэж бодох тамирчид бий. Миний хамгийн гол нэг өрсөлдөгч гэвэл Узбекистаны тамирчин Алена Нуриява л даа гэж ярьсан юм. Тэгээд цааш нь бид тив, дэлхийн тэмцээнд аваргалаад монголынхоо алтан соёмбот далбааг өөр улс орны тэнгэрт мандуулж төрийн дуулалаа эгшиглүүлж зогсохын сайхнаас эхлээд бодибилдингийн спортын өгөөжтэй сайхныг бас фитнессийн хоол унданд дасах гэж зүдэрдэг. Нэгэнт дотоодод нь ороод өөрөө бие, сэтгэлийн таашаал аваад ирэхээрээ хичнээн сайхан байдаг тухайд ихийг ярьж билээ. Бас бодибилдингийн тамирчин хүн тив, дэлхийн тэмцээнд явахдаа зээл авна. Дараагийн тэмцээний өмнө тэр зээлээ төлсөн бол дахиад зээл авах ийм арга замтай байдаг тухай. Бас энэ төрлийн спортоор хичээллэнэ гэдэг зөвхөн тэмцээнд явах биш өдөр тутмын хоол хүнс жирийн хүнийхээс эрс өөр, их зардал шаардана. Фитнесс гэхээр эрүүл хооллолт гэж ойлгож болох ч. Тамирчин хүн маш нарийн дэглэмтэй байдаг. Нарийн ногоо гэхэд өндөр үнэтэйг нь хэрэглэнэ. Уураг бэлдмэлийн хангалт их зардалтай. Хэдийгээр өөх, тосгүй хүнс хэрэглэдэг гэдэг ч хүний биед аль болох шим тэжээл энерги өгч чадах хүнс, бэлдмэл тамирчин хүнд шаардлагатай. Бэлтгэл хийх тусам хүний биеэсээ уураг, эрдэс бодисоо алддаг. Түүнийг нөхөхийн тулд үнэ хайрлалгүй чанартай хүнс сонгох нь зөв юм гэнэ л дээ.
-Өөрөө өдөр, сарын хугацаанд хоол хүнсэнд ямар зардал гаргадаг вэ гэхэл Угалзцэцэг.
-Жин нэмэх биш булчингаа тэжээх хүнсийг л хэрэглэдэг. Эмэгтэй хүн харьцангуй бага зардалтай гэж болно. Тэр том булчинтай “боди”-гийн эрэгтэй тамирчид бол хоол хүнсэндээ дор хаяхад сард 2.5-3 сая төгрөгийн зардалтай байдаг. Миний хувьд нэг сая төгрөг өлхөн л зарчихсан байдаг юм шүү гэж хэлнэ лээ. Угалзцэцэг зоригтой бас зорилготой хүн. “Цаана нь юу байгааг мэдэхгүй бол хашаа бүү дав” гэсэн мэргэн үгийг санаж ажилладаг гэж байна. Одоо өөрийн фитнесс клубээ нээгээд шавь нараа бэлтгэж байна.
Эссе тэмдэглэлийнхээ эхэнд дэлхийн хийгээд тивийн олон удаагийн аварга эмэгтэйг шувуутай зүйрлэсэн л дээ. Тэгвэл өндөрт нисч яваа шувууг зогсоож болдоггүй юм. Яагаад гэвэл тэнгэртээ тэнхээжиж улам өдөлж, сөдөлж бүүр өндөрт нисэхийг эрмэлздэгиймсэн билээ.
Г.Угалзцэцэг хүч тамир, бие бялдрын гайхамшиг болсон энэ спортынхоо тэнгэртээ дүүлэнхэн явнам. Тэр жигүүрхэндээ хүчтэй хүн шувуухай ажаамуу.