Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх замыг шинэчилнэ
Баянбүрдийн тойргоос Эх нялхсын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км автозамын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нөөс тавдугаар 11-нийг хүртэл хязгаарлана.
Энэ хугацаанд автозамыг хоёр үе асфальт бетоноор хучиж, хэвтээ тэмдэглэгээнүүдийг хийх юм.
Тус автозамыг 1988-1989 онд барьсан бөгөөд өнөөдрийг хүртэл бүрэн шинэчлэлт хийгээгүй аж. Ингэснээр 3.75 метр өргөн зургаан эгнээ автозам, хоёр талаараа явган хүний зам шинээр барих юм. Мөн Баянбүрдийн тойргийн зорчих хэсгийг бүрэн шинэчлэх аж.
Цаашид автозамын урд тал буюу Эх нялхсын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км автозам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлана. Энэ хугацаанд автозамын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулах тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас уриалж байна.
Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг “Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/”-ыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ энэ сарын 15-наас гүйцэтгэж байгаа аж.