Дашбалбар сум болон ХУД-ийн ЭМТ түргэн тусламжийн шинэ автомашинтай болов

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга, Харумафүжи Д.Бямбадорж болон "Зүрх хамгаалах төсөл" ТББ-аас бүрэн тоноглосон түргэн тусламжийн 2 автомашиныг хүлээлгэн өгөх ёслол "Шинэ Монгол Харумафүжи" сургуулийн гадна талбайд өнөөдөр болов.

 

Энэхүү түргэн тусламжийн автомашиныг Японы Хирошима хотын Гал унтраах газраас хандивлаж байгаа бөгөөд Дорнодын Дашбалбар сум дундын эмнэлэгт, ХУД-ийн Эрүүл мэндийн төвд тус тус гардуулав.

 

 

Энэ үеэр Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгатай уулзаж сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр: “Манай сум 1925 онд байгуулагдсан буриад зон олон аж төрдөг нутаг. Бид Улаанбаатарт ажиллаж, амьдардаг нутгийнхантайгаа байнга холбоотой байдаг. Энэ удаад ч манай нутгийн уугуул, “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гишүүн Бодонгууд Х.Ганбаатар хамт олныхоо хамт, мөн Харумафүжи Их аварга болон "Шинэ Монгол Харумафүжи" сургуулиас бидэнд энэхүү түргэн тусламжийн автомашиныг манай эмнэлэгт бэлэглэсэнд баяртай байна" гэв.


 

ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга Н.Оюунмэд: "Манай төв нийт 3 машинтай нэг нь төвийн дэргэдэх эмнэлэгтээ, нөгөө нь Яармаг дахь эмнэлэгт үйлчилдэг. Өнөөдөр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хорио, цээр гарч онц байдал зарласан энэ үед үнэхээр хэрэгцээтэй цагаа олсон тусламж болсонд бид тун баяртай байна. Манай эмч, сувилагч, бүх ажилтан онц байдалд ажиллаж байгаа. Бид постууд дээр ажиллаж байгаа хүмүүсдээ хоол унд хүргэхээс эхлээд автомашин маш хэрэгтэй байна. Бидний хүсэлтийг хүлээн авч иж бүрэн тоноглосон унаатай болгож буйд талархаж байна" гэлээ.

Ташрамд дуулгахад, “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ыг анх байгуулах үеэс буюу 2001 оны 10 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж байгаа Япон улсын иргэн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн Яну Хироши Монголд ирээд байгаа аж. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлсэн хорио цээрийн улмаас Улаанбаатарт саатаад буй тэрбээр: “Монголд 30 гаруй хүн гаднаас халдвартай ирж тусгаарлагдан эмчлэгдэж байгаа ч улс болон хот дотроо коронавирусний халдвар тархаагүй байгаад баяртай байна. Би нутагтаа очиж амжаагүй ч Монголд амгалан тайван сайхан байгаа” гэж ярив.

“Зүрх хамгаалах төсөл” ТББ өнөөдрийг хүртэл 800 гаруй хүүхдэд амьдрал бэлэглээд байгаа аж.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.73.157)