Төмөр замын амин судас болсон зам төмрийн 51 хувь нь "ядаргаанд оржээ"

"Өнөөдөр УБТЗ-д ашиглаж байгаа 1537,4 км төмөр замын 49 хувь нь Р-65 маягийнх, харин 51 хувь нь Р-50 маягийн зам төмөр юм. Р-65 маягийн зам төмөр бол орчин үеийн өндөр чанартай, даац сайтай, стандартын төмөр зам юм. Харин нөгөөх нь өмнөх үеийнх тул арай даац багатай Р-50 маягийнх гэдгээрээ энэ 2 зам ялгаатай. Бидний эн тэргүүн зорилт бол бүх гол замаа Р-65 маягийн зам төмөр болгож хүчжүүлэх явдал юм. Ингэж байж тээж нэвтрүүлэх ачааны хэмжээ даац нэмэгдэнэ, галт тэрэгний аюулгүй байдлыг бүрэн хангана. Мөн засвар үйлчилгээнд зарцуулах хөрөнгө, мөнгийг хэмнэнэ" хэмээн УБТЗ-ийн Замын оношилгооны төвийн дарга Н.Батхүрэл ярилаа.

Түүнээс Монголын төмөр замын зам төмрийн чанар болон өнөөгийн хөгжлийн явц, ирээдүйн зорилтын талаар тодруулсан юм.

 

Өнөөдөр төмөр замд гарч байгаа хурц гэмтлийн 90 гаруй хувь нь Р-50 маягийн зам төмөр дээр тохиолдож байна. Энэ зам дээрх гэмтлийн шалтгаан гэвэл даац муу эдэлгээ хэтэрсэн. Мөн сүүлийн үеийн хөдлөх бүрэлдэхүүний жин их, тээвэрлэж байгаа ачааны хэмжээ нэмэгдэх тусам энэ зам дээр ирж буй ачаалал тэр хэмжээгээр нэмэгдэж гэмтэл гарч байгаа юм.
Нөгөө талаасаа энэ замыг 1960-аад оны дундаас 1980-аад оны дунд үед хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн зам төмөр бөгөөд манайд 30-50 жил ашиглагдсанаар хуучирч металлын бүтцэд өөрчлөлт орсноор ачааллаа даахгүй боллоо гэсэн үг. Иймээс л энэ хуучирсан зам төмрөө шинэчилж Р-65 маягийн болгон хүчжүүлэх зорилт тавьж байна. Харин үүнийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний нөөцийн бүрдүүлэлт дутмаг байгаа юм.

-Энэ зам төмрөө солиход хэдий хэмжээний мөнгө шаардагдах бол?

-Өртөг зардлын тухай яривал маш их зардал мөнгө хэрэгтэй болно. Өнөөдөр дэлхийн металлургийн зах зээл дээрх үнэ ханш байнга өөрчлөгдөж байна. Бид ОХУ-аас зам төмөр авдаг. Өнөөдөр энэ зардал үнийн тоог яг тодорхой хэлэх боломжгүй байна. 

-Жишээ нь, өнгөрсөн онд зам төмөр солих ажил хийсэн үү?

-Бид 2019 онд хурц гэмтэлтэй нийт 386 зам төмөр сольсон. Үүний 90 хувь нь Р-50 маягийнх байсан. Энэ бол Р-50 зам төмрийн чанар, эдэлгээ ямар болсныг бодит баримттай нотолж байгаа юм.

-Зам төмрийн эдэлгээ, насжилтын байдлыг хэрхэн оношилдог юм бол?

-Зам төмрийн эдэлгээний хугацааг зөвхөн үйлдвэрлэсэн он, жилээр бус тээж нэвтрүүлсэн ачааны хэмжээгээр нь тодорхойлдог. Тэгэхээр мэдээж хүчжүүлсэн Р-65 зам төмөр бол Р-50-иас илүү эдэлгээтэй, бас илүү даацтай, илүү баталгаатай юм.

-Олон улсын зах зээлд зам төмрийн ханш ямар байдаг вэ?

-Өнөөдөр зам төмрийн үнэ ханш өдөр хоног, цагаар өөрчлөгдөх болсон учраас хэлэх боломжгүй төдийгүй үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг шууд зарлахгүй, заавал гэрээ байгуулж байж үнийг тогтоож, хамтран ажилладаг зах зээлийн зарчим үйлчилдэг болсон байна

Энэ жил хэдий хэмжээний төмөр замын их засвар хийгдэх бол?

-Энэ жил бид 30 км төмөр замд их засвар хийж Р-65 маягийн зам төмөр болгож хүчжүүлэх төлөвлөгөө байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн уг төлөвлөгөө өнөөдөр батлагдаагүй л байгаа. Харин бидний ойрын гол зорилт бол Р-50 маягийн төмөр зам дээр  тавих хяналтаа илүү сайжруулах, ийм замын хурц гэмтлээс шалтгаалан аюул осол гарахаас  урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

-1960-аад онд байсан Р-43 зам төмөр одоо байхгүй юу. Эрээнцав-Баянтүмэн чиглэлд ямар зам төмөртэй бол?

- Өртөө зөрлөгийн туслах чанарын замуудад цөөхөн хувьтай Р-43 маягийнх байдаг. Баянтүмэний хувьд, нэлээд нь Р-50 замтай, мөн Р-65 маягийнх ч бас байгаа.


-Төмөр замын дэр модыг бетонон дэр модоор солих болсон. Энэ нь төмөр замд ямар нөлөөтэй байдаг вэ?  

-Бетонон дэр төмөр замд маш чухал нөлөөтэй. Өнөөдөр бидний гол зорилго бол төмөр замаа бетонон дэртэй, хайрган чигжээстэй, Р-65 маягийн зам төмөртэй болгоход оршино. Ингэснээр төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадал тэр хэмжээгээр нэмэгдэж, аюулгүй байдал илүү баталгаатай болох юм.

-Манай улсын төмөр замын хувьд аль зам хамгийн их асуудалтай байгаа вэ?

-Улаанбаатараас урагш, өмнө тийш говь руу чиглэсэн төмөр зам чанарын хувьд нэлээд асуудалтай болж байгаа. Мөн Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэл Р-50 маягийн зам төмөртэй болохоор бас л чанарын асуудал тулгарсан гэсэн үг.

-Сүүлийн жилүүдэд баригдаж байгаа төмөр замын чанар ямар байна?

-Сүүлийн үед хувийн хэвшил болон манайхан даац сайтай Р-65 маягийн зам төмөр, бетонон дэртэй, стандартад нийцсэн зам тавьж байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд зориулсан хүнд даацийн төмөр зам тавьж байгаа гэдгээрээ онцлогтой. Зүүнбаян, Тавантолгой руу Р-65 маягийн зам төмрөөр, орчин үеийн стандартад нийцсэн, даац сайтай төмөр зам тавина.

-Зорчигчийн болон ачааны галт тэрэг нь хурд болон жингийн хувьд эрс ялгаатай биз?

-Жин болон хурдны хувьд зөрөөтэй. Зорчигчийн галт тэрэг зорчигчдоо аль болох аюулгүй, тав тухтай, хурдан зорьсон газарт нь хүргэх ёстой. Харин ачааны галт тэрэг бол олон тонн жинтэй бүтээгдэхүүнийг нэг дор зөөж аваачих гэсэн ийм 2 өөр зорилготой.


-УБТЗ-ын Оношилгооны төвийн үүрэг, зорилгын талаар танилцуулна уу?

-Төмөр замын оношилгооны төвийн үндсэн үүрэг, зорилго нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Энэ нь төмөр замын дэд бүтцийн оношилгоо хийдэг бөгөөд төмөр зам хэвийн байгаа эсэхийг тодорхойлж үнэлдэг. Манай оношилгооны төв, төмөр замын хэвийн ажиллагааг аливаа эрсдэлээс сэргийлэхийн төлөө ажилладаг. Дотор нь ангилбал, замын ерөнхий байдлыг  оношилно, зам төмрийн гэмтэл гарч байгаа эсэхийг хянана. Мөн өөрийн бусад замын анги, салбар болох Замын-Үүд, Чойр, Салхит, Сайншанд, Дархан зэрэг энэ бүх салбарт манай хүмүүс зөөврийн зам хянагч багажаар төмөр замаа хянаж мэдээллээ бидэнд илгээдэг. Эндээс бид хаана эрсдэл үүсэж болох вэ гэдгийг харж засвараа хийж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг.


-Оношилгооны төвийн оношилгоо, техник технологи дэлхийн стандартыг хангаж чадаж байгаа юу?

-УБТЗ-д ашиглаж байгаа оношилгоо болон үл эвдэх сорилтын техник хэрэгслүүд дэлхийн түвшинд аль эрт хүрсэн. Манайх 2014 онд суурь бүтцийг оношлох сүүлийн техник технологиор иж бүрэн тоноглогдсон 2 вагон авсан. Энэ вагоноор бүх замаа хянаж байдаг. Үүний зэрэгцээ зөвхөн зам төмөрт хяналт тавих зориулалттай, түрдэг оношилгооны тэргэнцэр ашигладаг. Тус тэргэнцэр микропроцессор бүхий электрон блоктой бөгөөд үүндээ бүх бичлэгээ хадгалаад уг мэдээллээ интернэтээр манай оношилгооны төвд ирүүлснээр бид хяналтыг тавьж байгаа. Тэгэхээр галт тэрэгний аюулгүй байдлыг хангах техник хэрэгслийн хувьд олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа гэж болно

-Манайд төмөр замын оношилгооны мэргэжилтэй боловсон хүчний эрэлт, хангалт болон сургах боломж нь ямар байна?

-Энэ асуудлын хувьд бэрхшээл бий. Энэ чиглэлээр манайд мэргэжлийн боловсон хүчнийг сургах сургууль, тусгай курс байхгүй. Бид ихэвчлэн дадлага хийж л сургаж байгаад ОХУ-д яг энэ мэргэжлээр нь нарийвчлан сургаж байна.

-Оношилгооны төвийн ойрын ирээдүйд хэрэгжүүлэх ажил, зорилт байгаа бол?

-Манай төвийн ойрын зорилт бол өндөр техник технологид суурилсан тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ашиглах, зарим техник хэрэгслийн парк шинэчлэлтийг хийхэд оршино. Бид нэгэнт хангалттай түвшинд хүрсэн учраас хүрсэн түвшин, ур чадвараа улам бататган хадгалаад, эзэмшилтээ илүү сайжруулах зорилго тавьж ажиллаж байна.

-Танай төвийн ойрын үед хэрэгжүүлэх ёстой тулгамдсан асуудал юу байна?


-Төвийн тулгамдаж байгаа асуудал гэвэл энэ өндөр технологийн техник төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлж байх, мөн тасралтгүй үйл ажиллагааг хангах, хүмүүсээ сургаж мэргэшүүлэх явдал хамгийн чухал байна. Мөн манай ажилтнуудаас ажлаас гарах нь элбэг байдаг.

-Цалин хангалтгүй гэдэг шалтгаанаар ажлаас гарах асуудал танайд ч тулгарч байна уу?

-Үүнд нь бид нэлээн эмзэглэдэг. Ер нь ажлаас гарах болсон шалтгаан нь юу вэ гэхээр цалингийн асуудал л хөндөгддөг. Өнөөгийн залуус гадаад руу, ялангуяа БНСУ-ыг зорьж байгаа. Энэ жишгийг дагаад манай нарийн мэргэжлийн цөөн ажилтан энэ замаар л явах гээд байдаг. Ажлаас гараад явсан залуус ч байгаа. Ийм л нэг бэрхшээл байгаа даа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.114.8)