Тажикистанд халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Тажикистанд шинэ коронавирусын халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн гэж тус улсын Коронавирусын  цар тахлаас урьдчилан сэргийлэх комиссоос мэдээллээ.

Тажикистаны Эрүүл мэндийн яам пүрэв гарагт уг мэдээллийг баталсан бөгөөд Душанбе хотод таван тохиолдол, Хужанд хотод 10 тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн яам өвчтөнүүдээс хэзээ халдвар илэрсэн хийгээд тэд ямар эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар мэдээлээгүй байна.

“Khovar” агентлагийн мэдээлснээр, Коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх комисс яаралтай хуралдаж, бүх хүн гадуур гарахдаа амны хаалт зүүх журам баталжээ.

Тажикистанд халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан хэдий ч сургуулиудын сургалтыг хоёр долоо хоногоор зогсоох шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.

“Тажикистан таагүй нөхцөл байдал үүсэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тажикистан дахь төлөөлөгч Галина Перфильева өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд мэдэгдсэн байна.

Тажикистанд халдвар илэрснээр Төв Азийн орнуудаас халдварын тохиолдол бүртгэгдээгүй цор ганц улс Туркменистан боллоо. 

Эх сурвалж: ДУШАНБЕ:Tajikistan News.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.103.216)