Спорт, соёл урлагийн газруудыг өнөөдрөөс нээнэ
“COVID-19” халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж буй. Энэ хүрээнд УОК, Нийслэлийн Засаг даргын захирамжаар спорт, соёл урлагийн газруудын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын ажиллах цагийг 22.00 болгож хязгаарласан юм.
Тэгвэл уг захирамжийн хуулийн үйлчлэл өчигдөр дуусгавар болж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дахин захирамж гаргажээ.
Захирамжаар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхимийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс цагийн зохицуулалттай нээхээр болов.
Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын цагийн хуваарийг 07.00-00.00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурджээ. Ингэснээр баар, караоке зэрэг байгууллага 00:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа юм.