ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусын халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусын халдвар авсан гэдгээ мэдэгджээ.
“Миний өгсөн коронавирусын шинжилгээний хариу эерэг гарлаа.

Үүнтэй холбоотойгоор Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын шаардлагын дагуу би өөрийгөө тусгаарлаж, эмч нарын зааврыг дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа хуваарийн дагуу хэвийн явагдах бөгөөд хамтран зүтгэгчидтэйгээ утсаар, видео хэлбэрээр холбогдож, байнгын харилцаатай байх бодолтой байна” гэж тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй видео хэлбэрээр холбогдохдоо мэдэгдсэн байна.

Өвчтэй байх хугацаанд үүрэгт ажлаа ОХУ-ын Тэргүүн шадар сайд Андрей Белоусоваар түр гүйцэтгүүлэх саналтай байгаагаа Мишустин илэрхийлжээ. “Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгчээр Тэргүүн шадар сайд Андрей Белоусовыг дэвшүүлэх саналтай байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Харин Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайдыг хурдан эдгэрэхийг хүсжээ. Түүнчлэн Ерөнхий сайдыг хэвийн байдалдаа эргэн орж, ард иргэд болон коронавирусын халдварын улмаас хохирол амссан салбаруудыг дэмжих үйл хэрэгт идэвхтэй оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: МОСКВА: TASS

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.18.135)