АНУ “ремдесивир”-ийг яаралтай тусламжийн эмээр баталлаа
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “Эбола” вирусний “ремдесивир” эмийг коронавирусийг эмчлэхэд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрчээ.
Ингэснээр “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн хүнд өвчтөнүүдэд уг эмийг уулгах боломжтой болжээ. Эмнэлзүйн сүүлийн туршилтуудаас үзэхэд “ремдесивир” уусан хүнд өвчтөнүүд харьцангуй хурдан эдгэрч байжээ.
Гэсэн хэдий ч яаралтай тусламжийн эмээр зөвшөөрөх нь албан ёсны зөвшөөрөлтэй адилгүй юм. Мөн “Gilead” компанийн гарган авсан уг эм коронавирусний эсрэг “шидэт үйлчлэл” үзүүлэхгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордны Зууван танхимд уулзах үеэрээ “Gilead” компанийн гүйцэтгэх захирал Даниэль О'Дей, Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар энэхүү эмийг зөвшөөрснийг анхны чухал алхам хэмээгээд, манай компани 1.5 сая флакон "ремдесивир" хандивлана гэж хэлжээ.
“COVID-19” халдварыг эмчлэх зөвшөөрөл авсан анхны эм энэ боллоо. Бид энэхүү үйл явдлын нэгээхэн хэсэг болсондоо баяртай байна гэж Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын комиссар Стивен Хан уулзалтын үеэр мэдэгдсэн байна.