Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-аас иргэдээ авах боломжийг судлахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй өчигдөр буюу энэ сарын 4-нд уулзав.
"COVID-19"-ийн гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой хэмээн үзэж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ. Тухайлбал, Энэтхэг улсад байгаа монгол иргэд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд хүнсний хомсдолд орж байгаа юм. Тиймээс “МИАТ” компани тус улс руу нислэг үйлдэх боломжгүй тул Энэтхэгийн компаниар нислэг хийлгэх боломжийг судалж, шийдвэрлэх чиглэлийг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өглөө. Мөн уулзалтаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд тохирсон орон сууцны зээлийн бодлого гаргах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, түүний хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхиийлөгч Х.Баттулга цар тахалтай холбогдуулан боловсруулж, баталсан нэг удаагийн хуульд хүргүүлсэн саналдаа энэ асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжилтийг түргэн шуурхай хангахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.
СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Гэсэн ч намууд нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн сурталчилгаа эхлэх, санал өгөх өдөр гэсэн томоохон бөөгнөрөл, цугларалтыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар тодорхой дүрэм, журам гаргаагүй байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын сонгуулийн үед дагаж мөрдөх журмыг нарийвчлан гаргаж, эрсдэлтэй үйлдэл хийсэн иргэн, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох санал хэллээ. Түүнчлэн цар тахлын үед зохион байгуулах гэж буй УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 474 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо байгааг анхааралдаа авч, хямралын нөхцөлд үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэйг онцоллоо.
Уулзалтад УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нар оролцов.