Хотоос зайдуу газар тусгаарлахыг зөвлөв

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж гадаадаас ирж байгаа иргэдийг олон улсын жишгийн дагуу нийслэл хотоос зайдуу газар тусгаарлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Тусгаарлалтад оруулж буй иргэдийг Улаанбаатар хот руу оруулж ирж байгаа нь тус орчноос коронавирусний болон өөр ямар нэгэн халдвар тархах эрсдэлтэй. Хорт хавдрын мэс заслын хагалгаа хийдэг эмнэлгүүд цэвэрлэх байгууламжгүй, бохироо хотын бохирын шугам сүлжээ рүү нийлүүлдэг. Иймд Улсын Онцгой байдлын комисс уг асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж судлаачид үзэж байгаа аж. 
Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр “Эрүүл аюулгүй амьдрах орчин ба өнөөдрийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд Туул голын болоод химийн хорт бодис хөрсний бохирдлын асуудлаар мэдээлэл өгсөн байна. 

Энэ үеэр Усны түншлэл ТББ-ын тэргүүн, усны доктор  Д.Басандорж “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир ус Туул голын үндсэн бохирдуулагч болчихоод байна. 2024 онд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орно гэж тооцоход энэ хугацаанд Туул гол руу 300 сая шоо метр бохир ус хаягдана. Туул голын эргэн тойронд байгаа газар нутаг бүгд гамшгийн байдалд орсон. Тиймээс бид байгаль орчны бохирдлын аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Чимээгүй тахал болох хөрсний бохирдлыг иргэд мэдэхгүй ойшоохгүй байна” гэв.

Тэрбээр: “Туулын голын бохирдол цаашлаад Орхон, Сэлэнгэ, Байгаль нуурыг хүртэл бохирдуулах аюултай. Улаанбаатар хотоос хоногт 200 мянган тонн бохир ус буюу 40 мянган машин бохир гардаг бөгөөд үүнийг Туул гол руу асгадаг. Мөн гэр хорооллын нүхэн жорлонгоос 470 мянган тонн бохир гардаг. Энэ бүгдийг ил задгай асгадаг бөгөөд нийслэлийн иргэд үүгээр амьсгалж байгаа"-г анхааруулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.108.99)