Маргааш нийтийн тээврийн 7 чиглэлийг зогсооно
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт маргааш бүрэн хөл хорио тогтоохтой холбогдуулан тус дүүргээр дамжин өнгөрдөг нийтийн тээврийн үндсэн 7 чиглэлийн автобусыг зогсооно.
Үүнд Хайлааст, Чингэлтэй, "Шарга морьт", Санзайн зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны хөдөлгөөн орж байна. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнөөдөр мэдээллээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний дараах 7 чиглэлийн автобус 08:00-18:00 цагийн хооронд зогсох юм. Үүнд:
- ХО:1 “Багабаян-Санзай-7 буудал”
- ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг”
- Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”
- Ч:21а “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж”
- Ч:21б “Гэмтлийн эмнэлэг-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв”
- Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУИС-Хүнсний 1-р дэлгүүр”
- Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”
Гамшгаас хамгаалах, "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дадлага сургуулилтын хүрээнд маргааш Чингэлтэй дүүрэгт бүрэн хөл хорио тогтоох юм. Энэ өдөр уртасгасан маршрутаар 20 чиглэлийн автобус зорчино. Тодруулбал, хотын баруун зүүн талаас ирэх нийтийн тээвэр Энх тайваны өргөн чөлөөгөөр тойрч явна. Богиносгосон чиглэлээр баруунаас ирж буй нийтийн тээвэр Гандан орчимд буцаж эргэнэ. Нисэх, Нарны гүүр чиглэлийн тээвэр Баруун дөрвөн замаас буцаж эргэх юм.
Дээрх зохицуулалт маргаашийн 18.00 цаг хүртэл үйлчилж, түүнээс хойш ердийн өдрийн журмаар хэвийн явагдана.