ОХУ-ын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл”-д 20 мянган ширхэг амны хаалт хандивлав
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос бүх оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагад 20 мянган ширхэг амны хаалт хандивлаж, захидал илгээв.
Хандивыг Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Азизов Искандер Кубаровичид өнөөдөр гардуулсан юм. Дэлхий нийтийг цочроож буй “COVID-19”-өөр дэлхийн 215 орны 3.7 сая хүн өвчилж, 257.9 мянган хүн нас бараад байна. АНУ, Испани, Итали, Их Британи, Франц, Герман, ОХУ, Турк, Бразил, Иран улс хамгийн олон өвчтөнтэй байгаа бол ОХУ-д хоногт 10 мянга гаруй хүн өвчилж байна.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Азизов Искандер Кубарович “Дэлхийн бүх улс орон хүндхэн байгаа энэ цаг үед монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрш орноо анхаарч бүх оросын “Дайчин нөхөрлөл” холбоонд чин сэтгэлийн хандив илгээж буй талархаж байна. Илгээмжийг эздэд нь ойрын үед баяртайгаар хүргэх болно гэв.
Монгол цэргийн нэгдсэн холбоо тус байгууллагатай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Москва хотноо хамтын ажиллагааны гэрээ байгуулж албан ёсны харилцаа тогтоожээ. Хоёр байгууллага эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй хамтран ажиллах, түүх, дайчин замналыг хүүхэд залуучууд, хойч үедээ өвлүүлэн үлдээх, ахмад дайчдын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг бүрдүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажилладаг байна.