"COVID-19": Шаардлагатай тохиолдолд 1800 гаруй резидент эмчийг дайчилна

 Г.Отгонжаргал

Манай улсад сургалт эрхлэх 21 байгууллагад 30 мэргэжлийн чиглэлээр 1819 резидент эмч суралцаж байна. Хүн амын дунд "Covid-19" халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир шаардлагатай үед резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангажээ. 

 

Өнөөдрийн хүртэл 19 тусгаарлах байранд 85 резидент эмч ажилласан бөгөөд тэдгээрт улсаас 41 сая төгрөгийн цалин олгосон байна.

 

Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа: "Шаардлагатай үед резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар суралцаж буй чиглэлээр нь судалгаа гаргасан. 3 дугаар сарын 2-ны өдрөөс  тусгай нислэгээр ирсэн иргэдийг Бага баян сувилалд тусгаарлаж эхэлснээс хойш өнөөдрийн хүртэл 10 буудал, 9 амралтын газарт 16 их эмч, 85 резидент эмч ажилласан байна. Одоогоор 3 амралт, сувилал, 7 зочид буудлын тусгаарлах байранд байгаа 560 иргэнд 1 их эмч, 26 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тэднийг хамгаалах хувцас хэрэгсэл, дархлаа дэмжих эм бэлдмэл, тэжээллэг хоол хүнсээр тогтмол хангаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар УОК, ЭМЯ-ны шийдвэрээр резидент эмч нартаа 41,3 сая төгрөгийн цалин олгоод байна" гэв. 

Тусгаарлах байруудад ажиллаж буй резидент эмч нарыг халдварын сэргийлэлт, хяналт, коронавирусний үеийн сэтгэл зүй, тусгаарлах байранд ажиллах нь, гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн эрх зүйн баримт бичиг сэдэвт сургалтад хамруулжээ.

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.208)