Эсперанто хэлний Л.Энхтүвшин хагалгаанд орохоор болжээ
Г.Отгонжаргал
“Энэ хүнийг С.Эрдэнэ гэдэг” гэдэг шиг энэ хүнийг Л.Энхтүвшин гэдэг хэмээн тодотгомоор санагдав. Учир нь нийгэмд бусдын дуу хоолой болж явдаг, хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид түүнийг андахгүй сайн танина. Тэрээр өдөр бүр шинэ залуу сэтгүүлчдийн дунд буурь заан сууж, цаг үеийн асуудлуудыг нухацтайгаар ажин суудаг. Л.Энхтүвшин гуай орос хэлний багш мэргэжилтэй. Мэдэх нэг нь түүнийг эсперанто хэлний ганц эрдэмтэн гэж ярьдаг. Түүнтэй ярилцлаа.
-Хоёр жилийн өмнө хэд хэдэн телевизээр “Эсперанто эв нэгдлийн хэл” хэмээн тодотгосон баримтат киног үзэгчдэд толилуулсан. Энэ кинонд та оролцож эсперанто хэлний талаар сонирхолтой олон баримт дэлгэсэн байсан. Энэ тухай мэдээллээр ярилцлагаа эхэлье?
-Энэ баримтат кино олон хүний сэтгэлд хүрснийг алхам тутамдаа мэдэрсэн. Учир нь, олон ч хүн надаас эсперанто хэлний үүсэл хөгжил болон Монголд дэлгэрсэн түүхийг нь сонирхон асууж байсан. Энэ хэлийг сурахын ач холбогдлыг таниулах зорилгоор Дэлхийн оюуны өмчийн академийг нөхдийнхөө хамт үүсгэн байгуулж байлаа. Түүгээр ч зогсохгүй энэ академийн дэргэд 20 гаруй ахмад уран бүтээлчээс бүрдсэн эсперанто хэлний дуу, бүжгийн чуулгыг 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд байгуулсан. Уг чуулгын даргаар Дэлхийн оюуны өмчийн академийн академич, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Оюун ажилладаг. Өөрөөр хэлбэл, бид монгол хүний эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг олон байгууллагатай хамтран нийгэмд тустай ажлыг хамтран зохион байгуулсаар явна. Мөн жилийн дараа манай чуулгынхан Төмөр замын соёлын ордонд бүтээлээ тайлагнаж, үзэгчидтэйгээ уулзаж байв. Энэ бүх зүйлийн тухай баримтат кинонд өгүүлдэг. Сүүлийн үед манай академийн хамт олон Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгаар явж, хүмүүст амьдрах ухааны сургалт явуулж, лекс уншиж байгаа. Академийн гишүүн Ц.Баярсайхан гэж сайхан сэтгэлтэй залуу бий. Тэрээр одоо эрхэлсэн ажилгүй олон ч хүнийг ажил, амьдралтай болгосон. Мөн академийн үйл ажиллагааныхаа хүрээнд 180 хүнийг архи, тамхинаас гаргаж нийгэмд тустай ажил хийлээ. Буруу зуршилтай хүмүүст амьдрах урам өгөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зэрэг эерэг зүйлд уриалан зөв замд нь оруулж байна.
-Таныг зарим нь хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг гэж ярьдаг. Харин зарим нь эсперанто хэлний судлаач гэж ярьдаг. Та ажлын гараагаа хаанаас эхлүүлж, ямар ажил хийж явсан бэ?
-Би улсад 46 жил ажиллаж, хөдөлмөрлөсөн. Цэцэрлэгээс авахуулаад олон газар багшилсан. Дэд доктор, профессор олон шавьтай. 1990 онд “Их засаг” олон улсын сургуулийн захирал Н.Ням-Осортой хамтран Монгол-эсперанто хэлний дээд сургуулийг байгуулж байсан удаатай. Тэр үед би энэ сургуулийн захирлаар нь ажиллаж байв. Одоо сургууль маань Дэлхийн оюуны өмчийн академи болон өргөжсөн. Мөн 1980 онд “Эрүүл энх” сонинд ажиллаж, сэтгүүл зүйд анхлан хөл тавьж байлаа. Дараа нь “Хөдөлмөр”, “Хувийн мөрдөгч” зэрэг сонинд ажилласан. “Эрүүл энх” сонинд ажиллах болсон нь их учиртай. Сонин түүх өгүүлэхэд, би Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1965 онд сувилагчаар ажиллаж байлаа. Иймээс би 1999 онд “Сувилагч таныгаа дурсан ирлээ” дууны шүлэг бичиж, ая данг нь тааруулсан. Би ээжээсээ дуулах авьяасыг нь өвлөсөн гэж боддог. Хэнтий аймагтаа орос хэлний багшаар ажиллаж байгаад Багшийн дээд сургууль эсперанто хэлний багшаар ирж байсан. Эсперанто хэл сурахыг зорьсон, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хүссэн хүн бүрт манай академийн үүд нээлттэй. Энэ дэлхийг хамарсан цар тахлын ард чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхыг хүссэн ахмад настнууд, хүүхэд залуус гишүүдтэй маань хамтдаа шатар, даам тоглож дуулж бүжиглэж болно. Шатрын холбооноос надад мастер цол олгосон. Би оюун ухааны тоглоомоор тоглох дуртай.
-Монголд эсперанто хэл хэр дэлгэрсэн бэ. Одоогоор хэдэн хүн мэддэг бол?
-3000 гаруй хүн мэддэг гэсэн албан бус тоо бий. Үүнд мэдээж ярьж, сурч байгаа хүн багтана. Б.Ринчен, Д.Нацагдорж нарын их зохиолчоос эхлээд нэр хүндтэй олон эрхэм энэ хэлийг мэддэг байсан. Эсперанто хэлийг олонд таниулах үүднээс найзуудтайгаа хамтран сургалт, уулзалт зохион байгуулж эсперанто хэлний ахмад, дунд, залуу үеийнхнийг уулзуулдаг. Мөн олонд түгсэн хэд хэдэн Монгол дууг эсперанто хэл рүү орчуулж дуулдаг. Ер нь сурахад их сонирхолтой хэл шүү дээ.
-Та энэ хэлнээс хэдэн ном, зохиол орчуулж нийтэд хүргэсэн бэ?
-Би Бэрх сумынхаа арван шилдэг 60 төгсөгчийн тоонд багтаж, өргөмжлөл гардсандаа ихэд бахархдаг. Амьдралын төлөө тэмцэж буй уйгагүй хөдөлмөрийг минь үнэлж өгсөн шагнал гэж боддог. Тиймээс эсперанто хэлнээс дуу, шүлэг орчуулах ажлаа орхихгүйг хичээдэг. Яг гараас гарсан бүтээл гэвэл Унгар улсын зохиолч Янош Саркозийн “Хулчгар эр” өгүүллэгийг эсперанто хэлнээс орчуулж уншигчдадаа хүргэсэн. Мөн япон ардын үлгэр “Сармагчингийн сүүл яагаад оготор болсон бэ” номыг орчуулж бяцхан уншигчдадаа хүргэсэн байдаг. . Энэ мэтчилэн тоочоод байвал орчуулж гаргасан 20 шахам бүтээл бий. Эсперанто хэл англи хэлтэй их төстэй. Сурахад маш сонирхолтой. 1990-ээд онд Монголд 400 хэл мэддэг хүн ирсэн. Тэр хүн сурахад хэцүү хэлний тоонд Англи, Араб, Япон, Солонгос, Хятад хэлийг нэрлэсэн. Сурахад амархан хэлд, Испани, Эсперанто хэлийг онцолсон.Түүгээр зогсохгүй тэрээр Эсперанто хэлийг 30 минутад бие дааж сурсанаа сонирхуулсан. Энэ хэлийг сурахад ийм сонирхолтой жишээ олныг дурдаж болно.
-Та гадаад хэл сурах хүсэлтэй залууст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Хүн өдөр болгон урам зоригтой амьдрах хэрэгтэй. Тэр дундаа зорьсон зорилго нь маш өндөр байх нь чухал.Үнэнийг хэлэхэд, Манай монголчуудын мөрөөдөл маш бага байдаг. Үүнийг би гадаадын олон хүнтэй уулзаж, томоохон хурал зөвлөгөөнд оролцож явахдаа илүүтэй мэдэрдэг. Уг нь сэтгэл, зорилгоороо баян хүн амжилтад хүрдэг. Б.Ринчен багш 1989 онд “Хүүхдийн хүмүүжил”, “Цог” сэтгүүлд “Орос хэл сурна гэхээс илүү эсперанто хэл сайн сур” хэмээн хоёр том өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь бий. Энэ нь миний санаанаас огт гардаггүй юм. Өнөөдөр ч залуус энэ хэлийг сурах боломж их байна. Уг хэлээр дамжуулж гадаадын олон найз нөхөдтэй болж, амжилтад хүрэх боломж их байгаа. Өөрөөр хэлбэл, эсперанто хэл сайн сурвал амжилтад амархан хүрнэ. Даанч манай залуус үүнийг олж харахгүй их залхуу байна. Үүнд нь би сэтгэл дундуур явдаг. Эсперанто хэлний анхны сурах бичиг Монголд 1963 онд хэвлэгдэж байсан. Дараагийнх нь 1967 онд гарсан. Намайг сурч байх үед ном сурах бичиг маш ховор байлаа. Одоо “Эсперанто хэл өөрөө сурах бичиг” хүртэл гарсан байна. Ийм сайхан боломж нээлттэй байхад залуусыг энэ хэлийг сураасай гэж боддог.
Эсперанто хэл англи хэлтэй их төстэй. Сурахад маш сонирхолтой. 1990-ээд онд Монголд 400 хэл мэддэг хүн ирсэн. Тэр хүн сурахад хэцүү хэлний тоонд англи, араб, япон, солонгос, хятад хэлийг нэрлэсэн. Сурахад амархан хэлд испани, эсперанто хэлийг онцолсон. Түүгээр зогсохгүй тэрбээр эсперанто хэлийг 30 минутад бие дааж сурснаа сонирхуулсан. Энэ тухай мэдээг тухайн үед “Ардын эрх’’ сонинд нийтэлсэн.
-Та энэ хэлийг хэр хугацаанд сурч байв даа?
-1968 оноос эхэлсэн. Хэнтий аймагт ажиллаж байхдаа нийслэл рүү сурах бичиг захиж олж аваад ихэд баяртайгаар сурч байв. Дараа нь номын санд хамаг цагаа өнгөрөөсөн. Би Эсперанто хэлийг хоёр сарын хугацаанд бие дааж сурсан. Эсперанто хэл сурсан зарчмаараа Франц, герман хэлийг мөн бие дааж судалсан. Өөрөө л зорьж зүтгэвэл ямар ч хэлййг амархан сурч болох нөөц тухайн хүнд бий. Одоогийн залуус ихэвчлэн 3-5 хэлтэй болж байна. Өөрсдийгөө улам дайчилж олон хэл сурч, залхуу зангаа хаях нь чухал. Монголоос өөр Эсперанто хэлний дэлхийн академи байдаг газар тийм ч олон биш. Энэ боломжийг ашиглаж, амжилтад хүрэх хэрэгтэй.
-Та бас дууны шүлэг бичиж уралдаанд түрүүлж байсан санагдаж байна. “Сэлбийн голын жавар” хэмээх дууныхаа тухай яриач. Хүмүүсийн дунд нэлээд түгсэн байсан?
-“Сэлбийн голын жавар нь
Сэруү татаад жиндээд байна
Ширгэж хатсан булгаа бодохоор
Сэтгэл зүрх минь шаналаад байна” гэж эхэлдэг. Энэ дуу Хэвлэлийн хүрээлэн, БОЯ-тай хамтран 2005 онд Сэлбэ голын талаар уран бүтээлийн уралдаан зарлахад түрүүлсэн юм. Үг, аяыг нь өөрөө хийж, уралдаанд оролцож байлаа. Мөн энэ дуунаас гадна "Багш нарын вальс", “Мөнхтэнгэр” зэрэг арваад дуу байдаг юм. Ер нь дуу шүлгэнд дурлах, үг аяыг нь зохиох зэрэг нь сэтгэлийн тайвшралыг авчрахаас гадна хүний оюун ухааныг хурцалж өгч, эрчим хүчээр тэтгэж байдаг сайхан зүйл. Тиймээс би юм юмаар л оролдож, сонирхож, уран бүтээл туурвиж байдаг.
-Таныг сүүлийн үед лагшин тааруухан эмчилгээ хийлгэж яваа гэж сонссон. Бие тэнхээ хэр байна даа?
-Би бусдаас нэг их зүйл гуйдаггүй, бор зүрхээрээ л болгож бүтээж ирсэн. Заримдаа энэ нь өөрөө өөртөө хангалттай дэм тус болж чадахгүй юм. Учир нь, би улсад 46 жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа тэтгэвэр маш бага тогтоолгосон. Ердөө 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ нь голдуу эм эмчилгээндээ явчихдаг. Одоо ахмадууд бид чинь эмээ дийлж авч чадахгүйд хүрээд байна. Дээрээс нь бусдад хэлээд зарлаад явдаггүй л болохоос, миний амьдрал хүндхэн л явна. Өөрийн гэсэн орон байргүй, байр сууцаа бусдад алдаад, одоо нийтийн байранд амьдардаг.
Гэтэл сүүлийн үед бие чилээрхээд, эмнэлгээр гүйгээд үзүүлтэл бөөрний дутагдал, түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй. Хагалгаанд яаралтай орох хэрэгтэй гэсэн онош гарсан. Тиймээс намайг мэдэх таних найз нөхөд, ахмадууд, хамтарч ажиллаж байсан албан байгууллага, шавь нараасаа эмчилгээнийхээ зардалд нэмэр болох болов уу гээд хандив гуйж яваа. Намайг дэмжиж тусалдаг нөхөд минь энэ аяныг санаачилж, энэ талаарх мэдээллийг бусдад дуулгаж яваад баяртай байна. Би иймэрхүү л маягтай амьдарч явна. Тиймээс сайхан сэтгэлт монгол ахан дүүс минь надад халуун сэтгэлийн гараа сунгах байх гэж итгэж, найдаж байна.
Хандивын данс: Хаан банк: 5020771847 /Л.Энхтүвшин/
Холбоо барих утас:91146057