Эрдэнэсийн санг төрийн тусгай хамгаалалтын алба хамгаална

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын байдалд цагдаагийн төв байгууллага хяналт тавих заалтыг өөрчилжээ. Ингэхдээ, төрийн тусгай хамгаалалтын алба тус сангийн харуул, хамгаалалтын байдалд хяналт тавихаар тусгасан талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Түүнчлэн Галт зэвсгийн тухай хуульд “Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно” хэмээн нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.70.64)