Эрдэмтэд анхны СЭЛДЭГ үлэг гүрвэлийг илрүүллээ
Үлэг гүрвэл бол цагтаа дэлхийг ноёлж байсан амьтдын төрөл бөгөөд одоогоос 66 орчим сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын сүүлч үед аварга том солирын улмаас устсан билээ. Өнөө цагт үлэг гүрвэлийн олдворууд дэлхийг танин мэдэх үндэс болоод байгаа юм. Тэгвэл дөнгөж саяхан “Detroit Mercy” их сургуулийн доктор, палеонтологич Назир Ибрахимаар удирдуулсан палеонтологийн баг хойд Африкт хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. Энэхүү судалгаагаар тэд анхны сэлж чаддаг, сүүл хэсэгтээ сэрвээ бүхий үлэг гүрвэлийг илрүүлсэн аж.
Үлэг гүрвэлийн араг яс бол палеонтологийн шинжлэх ухааны хамгийн үнэ цэнэтэй олдвор билээ. Эдгээр олдворуудын тусламжтайгаар бид балар эртний дэлхийг танин мэдэж, олон сая жилийн туршид хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгал, үүнээс шалтгаалсан амьтад болон ургамлуудын хөгжлийн үйл явцыг тодорхойлох боломжтой юм. Палеонтологийн шинжлэх ухаан гэдэг гайхалтай зүйл шүү.
Бид үлэг гүрвэлүүдийг эх газарт амьдардаг хүчирхэг амьтад гэдгээр нь илүү сайн мэднэ. Хүн төрөлхтөн хурц шүдтэй, урт хүзүүтэй, нисдэг, маш хурдан гүйдэг, махан идэштэн, өвсөн тэжээлтэн гэх мэтчилэн үлэг гүрвэлүүдийн маш олон талын онцлог шинжийг мэдэх авч эдүгээг хүртэл сэлж чаддаг үлэг гүрвэл амьдарч байсныг мэддэггүй байв. Назир Ибрахимаар удирдуулсан багийнхан анх 2008 онд Спинозавр буюу одоо мэдэгдээд буй хамгийн том махан идэшт үлэг гүрвэлийн араг ясны хэсгийг одоогийн Марокко улсын нутаг дэвсгэрээс олсон. Тухайн үед энэхүү үлэг гүрвэлийг загасаар хооллодог, аливаа байгалийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай төрөл зүйл гэж үзэж байсан ч сэлж чаддаг гэж хараахан баталж чадаагүй байсан юм.
Ийнхүү судалгааны багийнхан өдийг хүртэл Спинозаврын араг ясыг судлан сүүл болон их биеийн хэсгүүдийг нь сэргээж чадсан. Үүний дараагаар Назир Ибрахим болон түүний багийнхан Харвардын их сургуулийн судлаачидтай хамтран Спинозаврын анотомыг бүрэн илрүүлж, тусгай хуванцраар Спинозаврыг бүтээсэн юм. 2015-2019 оны хооронд маш олон судалгаа хийж, бусад сэлж чаддаг матар болон гүрвэлүүдтэй загварыг нь харьцуулсны эцэст тэд дэлхий дээрх хамгийн урт үлэг гүрвэл буюу Спинозаврыг сэлж чаддаг байсан гэх дүгнэлтэд хүрээд байгаа юм.
Палентологич Назир Ибрахим хэлэхдээ:
- "Энэхүү үлэг гүрвэл нь загасаар хооллодог бөгөөд ангаа олохын тулд урсгал усанд зогсдог биш харин усан дотор идэвхтэй сэлдэг байсныг бид илрүүллээ. Энэхүү нээлт нь бидний мэдэх үлэг гүрвэлийн ертөнцийг агуу ихээр өөрчлөх болно"
Энэхүү төслийн хүрээнд олдсон араг ясны бүх хэсгүүдийг Марокко улсад байрлах Касабланкагийн их сургуульд хадгалж байгаа ажээ. Спинозавр нь 15 орчим метрийн урттай, 20 тонн жинтэй үлэг гүрвэл юм. Гавлын ясны хэлбэр нь матрынхтай төстэй ба Тираннозаврын рексээс 2.5 метрээр урт биетэй. Та бүхэн санаж байгаа бол “Юрийн галавын цэцэрлэг” киноны гуравдугаар ангид энэхүү үлэг гүрвэл гардаг билээ.