Цар тахлаас сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хянах Түр хороо байгуулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, COVID-19 цар тахалтай холбогдуулан баталсан хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороо байгуулав.
УИХ-аас өнгөрсөн долоо хоногт "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан бөгөөд хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий Түр хороог Байнгын хороо болон УИХ дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар төлөвлөжээ.
Түр хорооны даргаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, гишүүдэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ауйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарыг багтаажээ. Мөн цөөнхийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллана.
Түр хороо нь уг хуулийн хэрэгжилтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, бусад Байнгын хороогоор энэ хуулийн хэрэгжилтийг хэлэлцүүлэх санал гаргах зэрэг чиг үүрэгтэй ажиллах юм байна.