Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл УИХ-д олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх зохицуулалт тусгажээ. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоох зэрэг зарчмын зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг тусгажээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг хуульд нэмэхээр тусгасан. Мөн “Засгийн газар” гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалт нэмжээ.