Улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэхэд ХЗДХ-ийн сайд зөвшөөрөл олгоно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын байдалд цагдаагийн төв байгууллага хяналт тавих заалтыг өөрчилжээ. Ингэхдээ, төрийн тусгай хамгаалалтын алба тус сангийн харуул, хамгаалалтын байдалд хяналт тавихаар тусгасан байна. Түүнчлэн Галт зэвсгийн тухай хуульд “Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно” хэмээн нэмэлт оруулахаар төсөлд тусгажээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас гаргасан зарчмын болон найруулгын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.59.121)