Шинэ Зуунмод, Майдар хотыг шинээр байгуулах тогтоол баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа. Ингэснээр, Шинэ Зуунмод, Майдар хотыг шинээр байгуулах юм. 

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, нийслэлийн дагуул болон бусад хотуудыг хөгжүүлэх үүднээс Аэросити, Майдар хот шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотыг байгуулснаар Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, тогтоолын төслийг батлуулахыг дэмжихийн зэрэгцээ “Аэросити” гэсэн нэршлийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх Засгийн газрын саналыг дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын багаас асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны дэмжсэн “Аэросити” гэсэн нэршлийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналын томъёолоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжиж дэмжиж тогтоолын төслийг 82.6 хувийн саналаар баталлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.229)