Сум дундын эмнэлгүүдийн статусыг тодорхой болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар,Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Дэлхий нийтийн чиг хандлагыг даган эрүүл мэндийн салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад байгаа аж. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг "Хур" системд холбон цахимжуулах бөгөөд үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Аль ч шатны эмнэлэгт хийлгэсэн шинжилгээ, оношилгоо нь дараа дараагийн шатны эмнэлэгтээ хүлээн зөвшөөрөгдөхөөр зохицуулсан байна. Сум дундын эмнэлгүүдийн статусыг тодорхой болгож, үйл ажиллагааг нь өргөжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгажээ. 

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав. Ажлын баг өнөөдрийн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж хууль зүйн техникийн талаас нь хянаж зохих засвар өөрчлөлтийг хийжээ. УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 8.1.25 дахь заалтын дугаарыг 8.1.24 болгон өөрчилсөн байна.

Дээрх саналыг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.103.20)